зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


ОЮУНЫ БИЧИН ЭЛДЭВ АРГЫГ ХООСООР ХЭРЭГЛЭВ

УС ГАЛ ХҮЧИН МӨХӨСДӨЖ ШУЛМЫГ ДАРЖ ЭС ЧАДАВ


Өгүүлэх нь, тэнгэр лүгээ  чацуу их богд гар хоосон болсон тул, дутаан ирж Алтан дуулгат уулын ард суун нулимс асгаруулсаар дуудан өгүүлрүүн: “Багш минь! Хүссэн нь би чам лугаа:

 

Энэрэлт бурхан эрдэм ивээлтэй тул, эснэх өсөхөө хамтатгах санаа мохошгүй байлаа. Үүнчлэн хамт оршин хамт бясалгаж, хамтаар гэтэлж, хамт нигүүлсэн, хамт номлож, ид шидийг гаргаж хэмээлээ. Энэхүү үнэн сэтгэлийн үүднээс бодгаль барилдлагаа нэгтгэж, үзэл онолоо хамтатгаж ёс номыг орчуулан уламжилсу хэмээн саналаа. Өдгөө энэ мэт барьдал зэвсэггүй болохыг хэн мэдлээ, хоосон гар хоёр нударгаар хэрхэн тэнцмүй!” хэмээн гашуудан уярч суусаар дотроо: “Тэр шулам намайг таних бөгөөд түүн лүгээ барилдаж бүхийд бас намайг “Үнэхээр тэнгэрийн ордныг түйвээгч ажгуу” хэмээн магтаж агсныг үзвээс энэ нь ертөнцийн шулам бус, лав тэнгэрийн орны догшин одон ертөнцийг хүсэн бууж ирсэн буй за, чухам хаанаас бууж ирснийг үл мэдэх тул түр тэнгэрийн оронд одож байцаан үзсүгэй” хэмээн сэтгэв.

 

            Бичин ийн бодсоор үүл хөлөглөн тэнгэрийн өмнө, хаалганы гадна хүрч, тэргүүн өргөн үзвээс, Бярайвц Махаранз өмнөөс угтан мэхийсхийн ёсолж: “Их богд хаа одно!” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Хурмастад учрах явдал буй, чи энд юу хийж амуй?” Бярайвц Махаранз: “Энэ өдөр төвхийтөл өмнө хаалгыг цагдах жасаа тохиолдов” хэмээн өгүүлж, дуусахын урьд Ма, Жоу, Вэн, Гуан дөрвөн их өрлөг хүрч ирээд ёслон өгүүлрүүн: “Их богд таныг угтахыг осолдов, саатаж цай зооглогтун.” Бичин: “Хурмастад бараадах явдал буй” хэмээгээд Бярайвц хийгээд дөрвөн өрлөгөөс салж шууд өмнө хаалгаар орж эчээд бидэрьяа эрдэнийн харшийн гадна хүрвээс бас Жан Доу Лин, Хи Сян Вэн, Сьюй Жин Ян, Чьюй Хүн Жий зэргийн дөрвөн адиша хийгээд өмнө Ударасадын зургаан эрхтэн, умар Ударасадын долоон өвгөн цөм харшийн өмнө Бичинийг угтан зэргээр ёсолж: “Их богд яахан энд ирэв?” хэмээгээд бас: “Тансагийг хамгаалах гавьяа бүтсэн буюу?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Өдий! Өдий! Зам хол шулам олон сая хагас зам явжээ, өдгөө алтан дуулгат уулын алтан дуулгат агуйн шуламд хашигдав. Тэр агуйд нэгэн хирс шулам аж багшийг минь агуйдаа авч оржээ. Өвгөн Сүн би түүний үүднээ эрэн одож нэгэн зэрэг байлдсанаа тэр шулмын хувилгаан увидас маш хэцүү тул миний алтан толтот шийдмийг булаан одоод шулмыг дарахад бэрх болгожээ. Бодвоос тэнгэрийн нэгэн догшин од ертөнцийг хүсэн буусан буй за, тийн бодвоос түүний хаанаас буусныг олж мэдэх тул өвгөн Сүн би ирж хурмастыг эрэн түүний чандлан захирч эс чадсаныг сануулсугай.” Сьюй Жин Ян инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин басхүү энэ мэт их үг гаргамуй!” Бичин өгүүлрүүн: “Их үг бус, би нэг насандаа амаа хичээснээс сая нэг үзэхээр гарахад хүрэв.” Жан Доу Лин: “Олон өгүүлэх хэрэгггүй, ганц уламжлан мэдүүлж өгвөөс барав” хэмээсэнд Бичин: “Их тал болой!” хэмээв.

 

            Дөрвөн адиша Бичинийг дагуулан бидэрьяа эрдэнийн харшид орж хурмаст тэнгэрт золгуулснаа Бичин дээш хандан их дуугаар өгүүлрүүн: “Өвгөн ноён чамайг зүдээсүгэй! Би Тансагийг хамгаалан баруун газраас ном залан одоход тохиолдсон олон зовлонгийн алиныг нь өгүүлж барах вэ. Өдгөө алтан дуулгат уулын шулам миний багшийг барьж аваачаад жигнэх, чанах, хагсааж идэхийн алиныг хэрэглэхийг мэдэхгүй, би түүний үүднээ эрэн одож байлдсанаа, тэр намайг таних хэмээмүй. Тэр шулмын хувилгаан увидас маш хэцүү, өвгөн Сүн миний алтан толтот шийдмийг булаан авсан тул шулмыг дарахад бэрх болов. Бодвоос дээд тэнгэрийн догшин одон доор ертөнцийг хүсэн буусан буй за. Гуйх нь хурмаст өршөөж тэнгэрийн орны догшин одыг байцааж цэрэг илгээн шулмыг хураамжлах ажааму!” гэж хэлээд бас бие мэхийн: “Сонордон хянамуу” хэмээсэнд Хи Сян Вэн хажуугаас инээн өгүүлрүүн: “Сармагчин юунд урьд гэдийж хойно бөхийнө?” Бичин: “Өвгөн Сүн надад шийдэмгүй болсон атал, ямар аймшиггүй гэдийн үл мэхийх буй” хэмээв.

 

Хурмастаар айлдсаныг сонсоод яаран бүгдийг бүртгэгчид зарлиг буулгаж: “Даруй Бичинийг айлтгасан ёсоор тэнгэрийн олон одон гараг эл аймгийн сахиулсан эрхтэн нар доор ертөнцийг хүсэн буусан байх ба үгүйг байцаан үзэж мэдүүлэн сонссоор” хэмээсэнд бүгдийг бүртгэгч эрхтэн зарлигийг хүлээн авч их богд лугаа цугаар байцаан одов. Урьдаар тэнгэрийн дөрвөн хаалганы эрхтэн түшмэдийг байцааж, дараагаар гурван хүрээлэнгийн доторх их бага олон хувилгааныг байцааж бас аянгын эрхтэн Доу, Жан, Син, Дэн, Хү, Би, Пан, Лью нарыг байцааж, хамаг сүүлд гучин гурван тэнгэрийг байцаасанд тэнгэр нар цөм бүрэн баймуй, бас хорин найман одон: дорно долоон одон гэрийн Цэдэр, Сувади, Шошаг, Анурад, Артир, Мол, Бурвасад, өрнө долоон одон гэрийн Ударасад, Авизи, Ширван, Даниста, Садабис, Бурвабадрабад, Ударибадрабад хийгээд өмнө долоон одон гэр, умар долоон одон гэрийг байцааваас одон бүр цөм амарлингуй амуй. Бас Наран, Саран, Буд, Ангараг, Бархасвадь, Сугар, Санчир долоон гараг, Рах, Хид илүү одон сарны хөвөө зэрэг дөрвийг байцаасанд, тэнгэр дүүрэн одон гараг орноос зайлсан нь нэг ч үгүй. Бичин “Нэгэнт ийм бөгөөс би мөн бидэрьяа эрдэнийн харшид гарч хурмастад золгох хэрэггүй, чи одож айлтгаваас барав, би энд хүлээсүгэй” хэмээсэнд бүгдийг бүртгэгч эрхтэн үгийг даган эчив. Бичин хоцорч удтал хүлээв. Үүнийг шүлэглэсэн нь:

 

            “Салхин ариун үйл тунгалаг энх эсэнд цэнгэлдэн

Сахиулсан нам одон гэгээн сайн бэлгэ тодормуй

Сансар огторгуй амар төвшин  тэнгэр газар амгалан,

Таван орон найман туйлд туг зэвсэг хураагджээ.”

 

            Бүгдийг бүртгэгч эрхтэн тодорхой байцаан үзээд хойш эгэж хурмастад айлтгаруун: “Тэнгэрийн орны одон гараг нэгэн ч дутуугүй, олон орны хувилгаан баатад цөм бүрэн, доорд ертөнцийг хүсэн буусан огт үгүй” хэмээснээ, хурмаст зарлиг болруун: “Бичинд тэнгэрийн эрхтэнээс хэдийг сонгон өгч доор буун шулмыг бариултугай” хэмээв.

 

            Тэнгэрийн дөрвөн их адиша зарлиг хүлээн бидэрьяа эрдэнийн харшаас гарч ирэн Бичинд өгүүлрүүн: “Их богд хурмастаар өршөөн өгүүлсэн нь, тэнгэрийн оронд доорд ертөнцийг хүсэн буугсадгүй бөгөөс чамайг тэнгэрийн эрхтэнээс хэдийг сонгон авч шулмыг барихаар эчтүгэй хэмээмүү” хэмээн зарлиг уламжилснаа Бичин тэргүүн даран дотроо сэтгэрүүн: “Тэнгэрийн эрхтний дотор өвгөн Сүн надад хүрэх нь нэг ч үгүй урьд өдөр тэнгэрийн одныг түйвээхийн үед хурмаст арван түмэн тэнгэрийн цэргийг буулгаж, тэнгэрийн доор газрын өөшөөр бүрхсэн авч нэгэн эрхтэн ч над лугаа аймшиггүй эсэргүүцэн эс чадсан бөлгөө. Хожим бага богд Эл Лан ирээд над лугаа сая гар тэнцжээ. Өдгөө тэр шулмын хүч чадал нь надаас илүү мэт тулд яахан түүнийг барьж чадмуй.”                       

 

            Сьюй Жин Ян өгүүлрүүн: “Өдгөө тэр цаг лугаа адил бус эртний үгэнд “Нисэгч ахул баригч амуй, нэгэн юмнаа нэгэн юм дарлага болмуй” хэмээжээ, чи зарлигаас зөрчмүү? Их богд гэгээнд тольдож тэнгэрийн эрхтнийг сонгон авагтун, удваас хэргээ саатуулах болжээ” хэмээснээ, Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс хурмастын хишиг хүндэт талархмуй, зарлигийг аймшиггүй зөрчихгүй. Нэгд болбоос би энэ удаа мөн хоосон буцаж үл болмуй, Жин Яныг зовоох нь хурмастад айлтган Суваргат Махаранз хийгээд Нэйж тайжийг илгээх ажааму, үүнд шулмыг дарах хэдэн зүйлийн зэвсэг буйн тул доор ертөнцөд бууж, тэр шулам лугаа дайлалдан үнэхээр түүнийг барьж чадваас миний заяа болой. Хэрвээ эс чадваас тэр цагт дахин арга бодсугай” хэмээв.

 

            Тэр адиша орж хурмастад айлтгасанд хурмаст бээр даруй Суваргат Махаранз эцэг хөвгүүнийг цэрэг авч Бичинд тусалтугай хэмээн зарлиг болгосноо, Суваргат Махаранз зарлиг хүлээн Бичинд ирж золгов. Бичин бас адишад өгүүлрүүн: “Хурмаст хайрлаж Суваргат Махаранзыг над лугаа илгээв. Бас нэгэн явдал байж чамайг зовоох нь би бас хоёр аянгын эрхтнийг хэрэглэж, Суваргат Махаранз тэр шулам лугаа байлдахад үүлний дотроос аянгатваас адбиш тэр шулмыг алах болой, чи орж хурмастад айлтгах ажааму.” Адиша: “Сайн! сайн!” хэмээн инээгээд дахин орж хурмастад айлтгаваас хурмаст бээр зарлиг болж түшид тэнгэрийн ордноос Дэн Хуа, Жан Фан хоёр аянгын эрхтнийг буулгаж Суваргат Махаранзыг туслан шулмыг барьж зовлонг тайл хэмээсэнд, Дэн, Жан хоёр эрхтэн тэр даруйд Суваргат Махаранз хийгээд Бичин лүгээ хамт тэнгэрийн өмнөд хаалганаас гарч одов.

 

            Төдөлгүй хүрч ирээд, Бичин өгүүлрүүн: “Энэ даруй Алтан дуулгат уул болой. Үүний дотор нь Алтан дуулгат агуй амуй, түүний хэн нь урьдаар эчиж өдөөн байлдмуй?” Суваргат Махаранз үүлийг зогсоон уулын энгэрт цэргийн хүрээ байгуулан ийн өгүүлрүүн: “Миний хөвгүүн Нэйж урьд ерэн зургаан агуйн шуламсыг барьсан бөлгөө, түүний хувилан улирах нь цаглашгүй бөгөөд биед мөн шулмыг дарах хувилгаан зэвсэг буй тул өдгөө түүнийг илээн өдөөн байлдуулсугай.” Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс өвгөн Сүн би тайжийг удирдан авчирсугай” хэмээмүй. Тэр тайж баатар сүрийг бадруулан их богд лугаа уулан дээгүүр үсрэн харайлж шууд агуйг чиглэн хүрч ирвээс, тэр шулам хаалгаа чанга дарж эргийн дор шулам үзэгдэхгүйд Бичин урагш давшин өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Самуун шулам хаалгаа хурдан нээ! Миний багшийг түргэн гаргаж өгөгтүн!” Хаалга сахигч бага шулам үзээд яаран орж мэдүүлрүүн: “Их ван, тэр Бичин нэгэн бага хөвгүүнийг дагуулан ирж хаалганы гадна бархирмуй.” Шулмын ван өгүүлрүүн: “Энэ сармагчин төмөр шийдмээ надад булаагдаад хоосон гараар над лугаа байлдаж чадахгүйн тул лав туслах цэрэг авч ирсэн буй за түргэн миний жадыг авч ир” хэмээгээд жад барин гарч тэр бага хөвгүүнийг үзвээс төрсөн байдал ариун хээнцэр асар  баатар. Үнэхээр:

 

Хасын царай тунгалаг хээнцэр тэргэл саран мэт, шунхан уруул мөнгөн шүд, улаан цагаан ялгармуй.

 

Нүдний гэрэл гилбэлгэн адил харц маш хурц, өргөн магнайд туяа туналзан үсээ шанхлан ороожээ. Хатгамал хэв салхинд хийсч солонго татан мяралзаад, гэмэрлэг дээл наранд гялбаж, алтан цэцэг дэлгэрмүй. Гархин бүс гялс гялс зүрхэн толийг дэвээлэн, эрдэнийн хуяг тулс тулс байлдааны гутал өшгөлжээ. Бие бага дуу чанга баатар цог төгс, гурван тэнгэрийн сахиус Чойжин догшин Нэйж ажгуу.

 

Шулмын ван инээн өгүүлрүүн: “Суваргат Махаранзын гутгаар хөвгүүн Нэйж тайж чи юуны учир миний хаалганд ирж бархирмуй?” Тайж өгүүлрүүн: “Муу шулам чи самууран зүүн газрын хувилгаан тойныг барьсны тул би хурмастын зарлигийг хүлээн тухайлан чамайг барихаар ирэв!”  Тэр шулмын ван их л хилэгнэн өгүүлрүүн: “Бодоход Бичин чамайг залан авчирсан буй за, би Тансагийг барьсан нь үнэн! Таны зэргийн хүүхдэд ямар эрдэм буй хэмээн аймшиггүй их үг өгүүлмүй! Битгий дутаа! Миний жадын амтыг үз!” хэмээн жадлан оров. Тайж шулмыг цавчих сэлмийг эргүүлэн угтан байлдав. Хоёул байлдан эхэлтэл, их богд уулын хажуугаас: “Аянгын эрхтэн хаа буй? Түргэн одож шулмыг дээрээс аянга буулган тайжид нэгэн мөрийн хүчийг тусалж шулмыг баригтун!” хэмээснээ Дэн, Жэн хоёулаа үүл хөлөглөн гарч ирээд сая гар хөдөлсүгэй хэмээтэл, тайж увидас үүсгэн гурван тэргүүн зургаан мутартай болон хувилаад зургаан зүйлийн цэргийн зэвсгийг барин шулмын зүг цавчин ороход, тэр шулам мөн гурван толгой зургаан гартай болон хувилж гурван жадыг барин байлдав. Тайж бас шулмыг дарах увидас хэрэглэн зургаан зүйлийн цэргийн зэвсгээ дээш орхин илгээв. Тэр ямар ямар зургаан зүйлийн зэвсэг болов? хэмээвээс шуламсыг цавчих сэлэм, илд, шуламсыг хүлэх цалам, шуламсыг цавчих манцуй, хатгамал бөмбөг, гал хүрд болой. Нэйж их дуугаар “Хувил!” хэмээсэнд бум түмэн зэвсэг болж ширүүн бороо догшин мөндөр мэт зай завсаргүй цохилон ирэхэд, тэр шулмын ван огт эмээлгүйгээр нэгэн гараар хялаан цагиргаа гаргаж дээш орхиж “Ор” хэмээн зандаснаа хангинах дуун нэгэнтээ гарч зургаан зүйлийн цэргийн зэвсгийг урхилан авчирснаа тайж гар хоосон болж их л мэндүүрэн амь зуугдахуйяа шулмын ван ихэд дийлж хойш эгэв.

 

            Дэн, Жэн аянгын эрхтэн огторгуй дээрээс үзээд инээн сэтгэрүүн: “Би байдлыг үзэн аянгын зэвсгээ хэрэглэсэнгүй нь оножээ, хэрвээ түүнд урхилан аваачигдсан бөгөөс хурмастад яахан золгомуй?” хэмээгээд хоёулаа үүл даран бууж тайж лугаа уулын өмнө Суваргат Махаранзын дэргэд ирж: “Тэр шулмын хувилгаан увидас огоот их!” хэмээсэнд Бичин хажуугаас инээн өгүүлрүүн: “Тэр шулмын эрдэм мөн төдий л буй за, ганц тэр цагираг нь хэцүү ямар эрдэнийг мэдэхгүй, дээш орхин илгээвээс элдэв зэвсгийг цөм урхилан авчирмуй.” Нэйж занан өгүүлрүүн: “Их богд чи сайн хүн бус! Бид зэвсгээ алдан цэрэг дарагдаад зовнисон нь цөм чиний тул бөгөөтөл, чи харин юунд инээмүй?” Бичин өгүүлрүүн: “Тайж чи зовних бөгөөтөл би үл зовнимуй? Би өдгөө арга мухардаад хараахан уйлж үл болохын учир ганц инээх буй за.” Суваргат Махаранз өгүүлрүүн: “Өдгөө хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Та нар дахин арга үүсгэн тэр цагирагт үл урхилагдах юмыг олбоос сая түүнийг барьж болмуй.” Суваргат Махаранз:  “Үл урхилагдах нь ганц гал усан буй за, энгийн үгэнд “Гал усан нүдгүй” хэмээжээ” Бичин: “Энэ үг зөв! Та нар энд сууж агтун, би тэнгэр дээр гарч ирсүгэй” хэмээхүйеэ, Дэн, Жэн хоёр аянгын эрхтэн: “Чи бас тэнд одож юу хиймүй?” хэмээн асуухад, Бичин: “Миний энэ эчих нь хурмастад айлтгахгүйгээр, тэнгэрийн өмнөд хаалгаар орж, улаан цэцэгт ордонд гарч Ангарагийг залж авчран гал тавиулан тэр шулмыг цагиргийн хамт түлбээс нэгд зэвсгүүдийг эгүүлэн авч танд буцаан, хоёрт багшаа зовлонгоос аврах болой” хэмээсэнд, тайж сонсоод ихэд баярлаж: “Их богд бүү удагтун, түргэнээ одож түргэнээ ир, бид эндээ хүлээсүгэй” хэмээв.

 

            Бичин тонгорцоглон дэгдэж тэнгэрийн өмнөд хаалганы гадна хүрснээ Бярайвц хийгээд дөрвөн өрлөг угтан өгүүлрүүн: “Их богд юун хэмээн бас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Суваргат Махаранз, тайжийг гарган байлдуулснаа, нэгэн удаад зургаан зүйлийн зэвсгээ цөм шулмаст автжээ. Өдгөө би Улаан цэцэгт ордонд орж Ангарагийг залан туслуулсугай хэмээмүй.” Дөрвөн өрлөг үл төдхөн түүнийг дотогш оруулав. Тэдгээр галын аймгийн олон хувилгаан дотогш орж мэдүүлрүүн: “Бичин багш ирж эзэн танд золгосугай хэмээмүү” хэмээхэд, тэр өмнө этгээдийн гурван үнэн уурын Ангараг дээл малгайгаа засан гарч ирээд: “Өчигдөр бүгдийг бүртгэгч өчүүхэн ордныг байцаасанд доор ертөнцийг хүсэн буугсад нэг ч үгүй бөлгөө” Бичин өгүүлрүүн: “Мэдмүй, мэдмүй, ганц Суваргат Махаранз хийгээд Нэйж тайж цэрэг дарагдан зэвсгээ алдсан тул тухайлан чамайг залж туслуулсугай хэмээн ирэв.” Ангараг өгүүлрүүн: “Тэр Нэйж хэмээгч гурван мандлын далайн цуглааны их хувилгаан болой, тэр урьд ерэн зургаан агуйн шулмыг дарангуйлсан бөлгөө, түүний хувилгаан ид увидас тийм их бөгөөтөл үл ялах бөгөөс өчүүхэн хувилгаан би яахан чадах буй?” Бичин өгүүлрүүн: “Би Суваргат Махаранз лугаа зөвлөвөөс, тэнгэр газрын хооронд гал усны аюул туйлын хэцүү хэмээжээ, тэр шуламд нэгэн цагираг баймуй, ямар эрдэнийг мэдэхгүй юмыг урхилан авах нь маш хэцүү, гал болбоос олон юмыг шатааж чадахын учир тухайлан чамайг залж гал аймгаа авч буун гал тавин тэр шулмыг шатааж миний багшийг зовлонгоос авран гаргамуу хэмээн ирэв.”

 

            Ангараг үүнийг сонсоод галын аймгуудаа дагуулан Бичин лүгээ хамт Алтан дуулгат уулын өмнө хүрээд Махаранз хийгээд аянгын эрхтэн лүгээ золгосноо Махаранз өгүүлрүүн: “Их богд чи одож түүнийг өдөөн гаргагтун, би түүн лүгээ байлдсугай. Тэр цагиргаа гаргаваас би зайлсуу, Ангараг чи галаа тавь.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ сайн, бид хоёул одсугай” хэмээгээд эчсэнд, Ангараг, тайж хийгээд Дэн, Жэн хоёр аянгын эрхтэн уулын оройд зогсож шулмыг өдөөв.

 

            Их богд, Алтан дуулгат агуйн үүдэнд хүрч өндөр дуугаар: “Хаалгаа нээ! Миний багшийг түргэн гаргаж өг!” хэмээсэнд, бага шулам яаран дотогш орж: “Бичин бас ирэв!” хэмээсэнд, тэр шулам олноо дагуулан агуйгаас гарч Бичинийг үзээд: “Энэ муу сармагчин чи бас ямар хүнийг залж ирэв?” хэмээхэд эндээ этгээдээс Суваргат Махаранз зандан өгүүлрүүн: “Шулам чи намайг танимуй?” Шулмын ван инээн өгүүлрүүн: “Суваргат Махаранз чи хөвгүүнийхээ өшөөг хариулан зэвсгээ авсугай хэмээмүй?” Махаранз өгүүлрүүн: “Нэгд болбоос өшөөгөө хариулан зэвсгээ авсугай, хоёрт болбоос чамайг барьж Тансагийг аварсугай! Чи битгий дутаагтун! Миний энэ илдний амтыг үз!” хэмээн цавчин ороход, тэр шулам гялавхийн зайлж жадаар угтан байлдав. Тэд хоёулаа агуйн өмнө энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Тэнгэр Махаранз илдээр цавчихуйяа, тэрс шулам жадаар угтмуй. Хувилгаан илдээр цавчихад гэгээн гэрэл цацран галын оч бадармуй. Хурц жадаар тусахад алах уур манарч аюулын манан татмуй. Нэгэн нь Алтан дуулгат уулнаа бүтсэн тэрс шулам, нэгэн нь бидэрьяа эрдэнийн харшаас зарлигаар буусан тэнгэрийн сахиулсан. Тэр нэгэн нь Даяаныг чанарыг дарлахын төлөө сүр бадруулмуй, энэ нэгэн нь багш тойныг аврахын тул хүчин гаргамуй. Хүчит Махаранз зэвсэг хэрэглэхүйеэ хайр чулуу хийсч, хөнөөлт шулам хүчлэн тэмцэхүйеэ тор тоос дэгдмүй. Тор тоос дэгдэхүйеэ тэнгэр газар будангуйран, хайр чулуу хийсэхүйеэ мөрөн далай булингартмуй. Хоёр этгээд хүчлэн байлдаж гавьяа нэрийг тэмцэхийн шалтгаан нь хувраг Тансагийн баруунш одож бурханд мөргөхийн учир.

 

            Бичин, тэд хоёулын зөрөлдөн байлдахыг үзээд уулын орой дээр харайн гарч Ангарагт: “Сайн хичээгтүн!” хэмээн өгүүлтэл тэр шулам гэнэт цагиргаа авч гаргахыг Махаранз үзээд яаран үүл татан дутаан одоход, Ангараг яаран цааз зарлаж олон галын эрхтэнээр гал тавиулав. Энэ гал үнэхээр хэцүү:

 

Номд өгүүлсэн нь: “Өмнө зүг хэмээгч галын орон болой.” хэмээжээ. Хэдий очийн төдий гал хэмээвч уул талыг дуусган шатааж чадмуй, гурван уурын хүчин хэмжээгүй их гал болмуй. Өдгөө гал жад, гал илд, гал нум, гал сум байж эл аймгийн эрхтний тус тус хэрэглэмүй. Ганц үзвээс огторгуйн дунд гал хэрээ сумтан шуугилдаж, уулын оройгоор гал морь тоглон давхилдмуй. Хос хос улаан хулгайлана догшин дөл үлээхүйеэ хорвоо ертөнц өвч улаан. Хоёр хоёр гал луу хар утаа баагуулахуйяа хамаг дэлхий түнэр хар. Галын тэргийг түлхэн гаргаж, галын хулыг нээн тавьжээ. Галын далбааг сажилахуйяа огторгуй дүүрэн нөл. Гал шийдмийг эргүүлэхүйеэ газар дүүрэн гал, үнэхээр нинчийн үхэр ташуурдсанаас хэтийдэж, Жоу Иүй Жин Ууй Бид байлдсанаас давжээ. Энэ нь эсэрүа тэнгэрийн гал тул үнэхээр хэцүү, хүрчигнэн дүрэлзэж ноцохуйяа хөх тэнгэр улайжээ!

 

Тэр шулам гал ирэхийг үзээд өчүүхнээр инээхгүй цагиргаа дээш орхин илгээсэнд, нэгэнт дуугармагц гал луу, гал морь, гал хэрээ, гал хулгайлана, гал илд, гал нум сумыг цөм урхилан авсанаа, шулам ихэд дийлж цэрэг хураан агуйдаа эгэв.

 

            Тэр Ангараг хамаг галын зэвсгээ алдаад гарт хоосон далбаа барин олноо хураан авч Махаранз лугаа нийлж, уулын энгэр сууж Бичинд ийн өгүүлрүүн: “Аяа, их богд, энэ шулам маш хэцүү! Өдгөө би галын зэвсгээ цөм алдсан тул хэрхвээс сайн?” Бичин инээн өгүүлрүүн: “Битгий гаслагтун, өвгөн Сүн би дахин одоод ирсүгэй.” Махаранз: “Хаа одмуй?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Тэр шулам галаас эс айваас уснаас лав айх буй за, ерийн үгэнд “Ус галыг унтраамуй” хэмээжээ. Би тэнгэрийн хойд хаалганд одож Буд гарагийг залж усаар байлдан шулмыг цацаан алж та нарын эрдэнийг эгүүлэн өгсүгэй.” Махаранз өгүүлрүүн: “Энэ арга хэдий сайн боловч, чиний багшийг мөн усанд цацаан алах болуузай.” Бичин өгүүлрүүн: “Хамаагүй, миний багшийг цацаан алавч надад мөн итгэх арга буй. Өдгөө та нар миний одохыг саатаах нь үнэхээр зүйгүй болой” хэмээхэд Ангараг: “Тийн бөгөөс явтугай” хэмээв.

 

            Их богд мөн тонгорцоглон тэнгэрийн хойд хаалганы гадна хүрч тэргүүн өргөн үзвээс бясман Махаранз урагш давшиж ёслон өгүүлрүүн: “Их богд хааш одмуй?” Бичин өгүүлрүүн: “Нэгэн учир байж хар долгиот ордноо Буд гарагт золгосугай хэмээмүй, чи энд юу хийнэм?” Бясман: “Энэ өдөр миний цагдан байцаах жасаа тохиолджээ” хэмээн хэлэлцсэн атал, бас тэр  Пан, Льюй, Хү, Би дөрвөн өрлөг ирж ёслон цай барьсугай хэмээхэд Бичин: “Зүдээхийг байсугай! Надад чухал явдал баймуй!” хэмээгээд тэднээс салж, шууд хар долгиот ордноо орж эчихэд, усан аймгийн олон эрхтэн: “Тэнгэр лүгээ чацуу их богд ирэв” хэмээн дотогш мэдүүлэхэд Буд гараг даруй дөрвөн далай таван тэнгис дөрвөн бялхмал, гурван мөрөн есөн урсгалын лусын эздийг эгүүлж, дээл малгайгаа засч үүднээ гарч угтан оруулаад өгүүлрүүн: “Өчигдөр бүгдийг бүртгэгч ирж өчүүхэн ордны олон аймгийн эздээс доор ертөнцийг хүсэн буусан байх магад хэмээн байцаан үзсэн бөлгөө, өдгөө би мөн далай тэнгис мөрөн голын эздийг байцаан үзэж хараахан бараагүй баймуй.” Бичин өгүүлрүүн: “Тэр шулмын хувилгаан эрдэм маш хэцүү, бодвоос гол мөрний эзэд бус болой, урьд хурмастын зарлигаар Суваргат Махаранз эцэг хөвгүүн хийгээд хоёр аянгын эрхтэн ертөнцөд буун түүнийг барихаар одсон бөлгөө. Харин санамсаргүй шулмын нэгэн цагирагт зургаан зүйлийн зэвсгээ урхилуулан алджээ. Би аргагүй бас улаан цэцэгт ордонд одож Ангарагийг галын олон хувилгаантай хамт залан аваачиж гал тавиулсанаа тэдгээр гал луу, гал морийг тэр цөм цагиргаараа урхилан аваачив. Би санаваас энэ юм галаас эс айваас уснаас эрхгүй аймуй. Тийнхүү тухайлан чамайг залж усаар байлдан тэр шулмыг барьж зэвсэгүүдийг тэнгэрийн өрлөг нарт буцаан өгвөөс, миний багшийг мөн аюулаас аварч болмуй.”

 

            Буд гараг тэр үгийг сонсоод даруйд хатан голын эрхтнийг дуудаж: “Чи одож их богдод тусал” хэмээв. Тэр хатан голын эрхтэн ханцуйгаас нэгэн хас цом гаргаж өгүүлрүүн: “Би даруй үүнд ус хиймүй.” Бичин өгүүлрүүн: “Үүнд хэдий ус багтмуй? Шулам хэрхэн цацаж үхмүй?” хэмээвээс усан эрхтэн: “Их богд чамд үнэнийг хэлсүгэй, үүнд хатан голын усан багтмуй, дүүрэн болбоос нэгэн голын усан, дундуур болбоос хагас голын усан болой” хэмээхүйеэ Бичин баярлан: “Тийн бөгөөс хагас цом усан даруй хэрэглэж гүйцмүй” хэмээгээд Буд гарагаас салж, хатан голын эрхтэн лүгээ тэнгэрийн орноос буув.

 

Тэр усны эрхтэн хатан голын уснаас хагас цом хутган авч их богд лугаа Алтан дуулгат уулын өмнө хүрч Махаранз, тайж, аянгын эзэн, Ангараг нар лугаа золгоод урьдах учрыг тоочин өгүүлэхэд Бичин өгүүлрүүн: “Нарийвчлан өгүүлэх хэрэггүй, усны эрхтэн намайг дагаж ирэгтүн, би түүний хаалгыг дуудан нээлгэвээс чи шулмын гарч ирэхээс урьд усаа агуйд нь цутган оруулж тэр шулмыг үүгээр нь цацаан үхүүлсэн хойно би орж багшийн хүүрийг шүүн гаргаж эдгээхэд оройтохгүй” хэмээснээ, тэр усны эрхтэн үгийг дагаж бичин лүгээ агуйн үүдэнд хүрч “Муу шулам хаалгаа түргэн нээ!” Хэмээхэд бага шулмууд их богдын дууг сонсоод яаран орж: “Бичин бас ирэв хэмээн мэдүүлэв”

 

Тэр шулам сонсоод эрдэнээ авч жадаа барин гарч иртэл усны эрхтэн цомтой усаа дотогш цутган оруулав. Тэр шулам ус ирэхийг үзээд жадаа хураан цагиргаа гаргаж хоёрдугаар хаалгаа бэхлэн бөглөснөө тэр усан гэдрэг оргилон гарч ирэхүйеэ Бичин их л сандарч усны эрхтэн лүгээ уулын оройд гарваас Махаранз олны хамт үүл хөлөглөн өндөр дээр зогсож тэр усыг үзмүй. Долгион нь догшрон давалгаалсаар үнэхээр ширүүн урсгал болов. Юутай хэцүү! Энэ үнэхээр:

 

Нэгээхэн цом усан бөгөөтөл нэлгэр далай болжээ. Ганц хувилгаан хүчнээ улиран хувилсанаар түмэн бодисыг живүүлэн мянган мөрнийг үерлүүлжээ. Сонсохуйяа хүрхрэх чимээ завыг түрхүүлэн, үзэхүйеэ догшин давалгаа тэнгэр тулмуй. Айхавтар их дуу нь аянга нижигнэх адил, аварга догшин долгион нь уул егүүрэх мэт, мянган зан долгион босч зам харгуй автагдан түмэн давхар давалгаа цалгиж асга хад живмүй, хүйтэн урсгал нь мөсөн мэт, хүнгэнэх дуун хөвч адил. Хад мөргөн цалгилахуйяа хасын хэмхдэг бутран, ороон эргэлдэн долгиолохуйяа угалзан уйл босмуй. Хонхор газар нуур тунаж хөндий завд ус бялхжээ.

 

Бичин үзээд их л хэлэмж: “Муу болов! Тал хөдөө усаар бялхаж тариа төмсийг авчээ, түүний агуйд өчүүхэн ч орсонгүй, өдгөө хэрхмүй?” хэмээгээд усан эрхтнийг дуудан түргэн усаа хураагтун хэмээхэд усны эрхтэн өгүүлрүүн: “Өчүүхэн хувилгаан ганц усыг тавьж чадахаас бус хурааж чадахгүй, ерийн үгэнд “Цацсан усыг хураахад бэрх” хэмээжээ” ийн өгүүлж атал, энэ уул өндөр тул усан доошилж, хоромхон зүг бүр тархан зав жалганд урсан оров.

 

            Бас үзвээс агуйн гадна хэдэн бага шулам үсрэлцэн гарч ирээд орлилдон бархиралдаж, ханцуй шамлан нударга эргүүлж, шийдэм далайн жад өргөж энгийн ёсоор хөөрөн тогломуй. Суваргат Махаранз өгүүлрүүн: “Энэ ус агуйд өчүүхэн ч орсонгүй, хүчээ хоосоор сүйтгэв.” Бичин ихэд хилэгнэж хоёр нударгаа зангидан шулмын хаалганд дайран хүрч зандан: “Хаа одмуй! Занчихыг үз!” хэмээхэд тэр хэдэн бага шулам ихэд айж жад шийдмээ орхин агуйдаа дутаан ороод дагжин чичирч мэдүүлрүүн: “Их ван! Муу болов! Цохин орж ирэв!”  Тэр шулам жадаа барьж гарч ирээд Бичиний зүг өгүүлрүүн: “Бурангуй сармагчин чи юутай мунайд! Хэдэн удаа дараалан дийлэгдэж гал усаар ч над лугаа ойртон чадахгүй агаад ямар аймшиггүй амиа хүргэн ирэх аж?” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи эндүү өгүүлэх болой! Чухам хэн нь үхлээ эрсүгэй хэмээмүй. Нааш ирж өвгийнхөө нэгэн нударгыг амтлагтун!” Тэр шулам инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин хүчирхэглэн аашилмуй! Би жад хэрэглэхэд чи харин нударга эргүүлмүй, чиний хушгын чинээ бяцхан нударгыг яахан манцуурга болгон зарж болмуй? Байтугай! Байтугай! Би жадаа орхиж чам лугаа нэгэн зэрэг нударга эргүүлж үзэлцсүгэй!” Бичин инээн өгүүлрүүн: “Зүй болой! Нааш ирэгтүн!”

 

            Тэр шулам хормой шууж урагш давшин дүр үзүүлж нударга эргүүлэн занчин ирэх нь үнэхээр төмөр манцуй буулгах мэт, их богд урагш давшин угтан ороод тэр шулмын ван лугаа нударгаар занчилдан үүсгэв, энэ нэгэн зэрэг занчилдсан үнэхээр хэцүү! Аяа!

 

Дөрвөлжин алхмаар алхаж, дээш доош өшгөлмүй. Сүвээ хавиргыг занчин цөс зүрхийг унагамуу, урагшлан нударгадаж, ухасхийн өшгөлмүй. Өлөн барс өеө эрэхүйеэ хүнд маш аюултай, гүмбэрва матар уснаа тоглохуйяа догшрон аашлах хэцүү. Ад шулам аварга могой хөрвөх аргыг хэрэглэснээ, их богд хандгай буга хариу сэжих эрдмээр угтав. Хөл өсгийдөн газрын лууг дэвсэж, гар өргөн тэнгэрийн тэгнээг авмуй. Ногоон арслан ангайн ирэхүйеэ мөрөг загас хавиргалан хальж угтмуй. Тэргүүн дээгүүр цэцэг будран бэлхүүсээр цалам ороомуй. Салхийг эсэргэлэн дэвүүр сажилж, бороог аястуулан цэцэг хийсгэмүй. Шулмаар аршийн нударга зарахад Бичинээр архадын хөл хэрэглэв. Их нударгыг хол сунгаваас аяндаа сул тул бага нударгаар бахиу занчих лугаа хэрхэн адилтгамуй? Хоёул тулалдан хэдэн арван удаа болтол хүчин чадал тэнцэж хүчирхэг буурай ялгарахгүй.

 

Тэд хоёул агуйн өмнө занчилдан байхыг уулын оройд агсан Суваргат Махаранз үзээд дуу алдан гайхахуйяа Ангараг алга ташин магтмуй. Тэр хоёр аянгын эрхтэн хийгээд Нэйж тайж олон хувилгааныг дагуулан дэргэд нь ирж тусалсугай хэмээтэл тэртээ этгээдээс олон шулмас туг сэжлэн хэнгэрэг дэлдэж, илд бүжиглэн сэлэм хурайлж зэргээр хаан ирэхэд их богд яаран нэг атга үсээ үгтээн авч дээш орхин “Хувил!” хэмээн зандаснаа тавь жаран бага Бичин хувилж зэргээр ноцон орж, зарим нь хөлийг тэврэн, зарим нь нүдийг малтан, зарим нь үсийг үгтээхэд тэр шулам яаран цагиргаа гаргав. Бичин хийгээд Махаранз нар үзээд яаран үүлэн толгойг эргүүлж уулын орой дээр буруулан гарав. Тэр шулам цагиргаа дээш орхьсноо нэгэнтээ дуугарч үсээр бүтсэн тавь жаран бага Бичинийг цөм уг ёсоор болгон урхилж аваад цэргээ хураан дийлсэн ёсоор баярлалдан эгэв. Нэйж тайж өгүүлрүүн: “Их богд үнэхээр эр ажгуу! Энэ нэгэн зэрэг нударга хэрэглэсэн нь гавшгай дээрээ гайхалтай. Бие олшруулах увидас гаргасан нь ид хувилгааныг хүмүүнээ үзүүлжээ.” Бичин инээн өгүүлрүүн: “Та нар эндээс үзэхэд тэр шулмын эрдэм надаас ямар буй?” Суваргат Махаранз өгүүлрүүн: “Түүний нударга сул хөл удаан их богдод адил хурц шаламгай бус. Тэр биднийг эчихэд их л мэндүүрчээ. Нэнт чиний бие олшруулах увидас хэрэглэснийг үзээд нэн бачимдаж тийнхүү цагиргаа гаргав.” Бичин өгүүлрүүн: “Шулам гайгүй, цагираг нь хэцүү.” Ангараг хийгээд усны эрхтэн өгүүлрүүн: “Хэрвээ түүнийг дийлсүгэй хэмээвээс түүний эрдэнийг олж авсан цагт сая дийлж болмуй.” Бичин өгүүлрүүн: “Түүний тэр эрдэнийг хэрхэн олмуй? Ганц хулгайлах буй за.” Дэн, Жэн хоёр аянгын эрхтэн өгүүлрүүн: “Хулгайлах хэргийг хэлбээс их богдоос өөр хүн үл чадмуй, урьд тэнгэрийн ордныг ихэд түйвээх үед архи, жимс, луугийн элэг, гарьдын чөмөг хийгээд Дилавын үрлийг хулгайлан идсэн нь ямар зэргийн эрдэм аж! Энэ өдөр чухамхүү энд хэрэглэвээс зохих болой.” Бичин: “Зөв! Зөв! Ийм бөгөөс та нар түр хүлээж агтун, бие одож үзсүгэй” хэмээв.

 

            Их богд уулнаас бууж агуйн хаалганаа сэмээр хүрч ирээд нэгэнтээ бие сажмагц нэгэн ялаа болж хувилав, үнэхээр юутай адил аж!

 

Живүүрийн нимгэн нь хулсны зулам мэт, биеийн өчүүхэн нь цэцгийн тоорцог адил хөл гар нь хялгасан чинээ, хоёр нүд нь хүжийн гал адил. Үнэрлэж танирлахдаа үнэхээр соргог, жигүүр дэлгэн нисэхдээ жавар салхийг хөлөглөмүй. Жинлэвээс дангийн одыг дарах авч, хайрлалтай нь харин баахан хэрэгтэй ажгуу.

 

Тэр хөв хөнгөнөөр үүдэн дээгүүр нисэн байсаар хаалганы завсраар шурган орвоос тэдгээр их бага олон шулам хоёр жигүүрлэн зогсож бүжиглэн дуулалдмуй. Хөгшин шулам өндөр ширээнээ сууж өмнөө могойн мах, бугын өвчүү, баавгайн таваг, тэмээний бөх, уулын жимс зэрэглэн орж бас нэгэн шаазан хувин тавьж, анхилам үнэртэй арзыг аяга аягаар уужиртал ууж суумуй. Бичин мөн олон шулмын дунд сууж нэгэн турууны толгойт шулам болон хувилж аажмаар ширээний ойр хүрч удтал үзвээс эрдэнэ нь хаа байхыг мэдэхгүй тул яаран бие эгэж суудлын ард гарч үзвээс гал луу хүнгэнэн, гал морь янцгааж цөм хойд тэнхимийн дотор дүүжлэгджээ. Гэнэт тэргүүн өргөн үзвээс түүний алтан толтот шийдмийг зүүн хананд түшүүлэн тавьж байхыг үзээд сэтгэлийн дотор алсхийн баярлаж хувилснаа умартан урагш давшиж шийдмээ авч уг биеэр болж занчин гарч ирснээ олон шулмас цөс хэмхэртэл айлдав. Хөгшин шулмыг гар хөдлөн завдахаас урьд Бичин тав зургаан шулмыг занчин унагаж цусан зам гарган агуйн үүдээр гарч ирэв. Энэ даруйд шулмын түрүү бардамнан омогшиж эс сэрэмжилсний учир, барьдал зэвсэг мөнхүү эзэндээ буцав. Сайн ба муу чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 53 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 40 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 9 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 13 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 56 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 29 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 32 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 32 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 6 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 15 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 26 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 10 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 4 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 28 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 29 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 44 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК