зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ:


ХОРТ ШУЛАМ ЖИХҮҮН САЛХИ САЛХИЛУУЛАН ИХ ЦАС ОРУУЛАВ

ХУВРАГ ТАНСАГ БУРХАНАА БАРААДАХЫГ БОДОЖ МӨСӨН ДЭЭГҮҮР ТУУЛАВ

 

Өгүүлэх нь, Чэн Жиа Жуан тосгоны мөргөлчид, Бичин, Гахайтан болоод Гахай хонио дамнан үймэлдэн цуугилдсаар шууд сүмийн дотор орон хөвгүүн охин хоёрыг дээр талд өрж тавив. Бичин тэргүүн өргөн үзвээс тэр тахилын ширээн дээр цэцэг хүж зул тэргүүтнийг жагсааж гол дунд нэг алтан пайзан дээр “Илт үзүүлэгч эздийн хувилгаан” хэмээн бичжээ. Өөр хөрөг зураг нэг ч үгүй. Олон мөргөлчид давхалж дуусаад зэргээр сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Эзэд хувилгаан минь тус жил, тус сар, тус өдөр, тус цаг Чэн Жиа Жуан гацааны тахилын эзэн Чин ван тэргүүлэн нас жил адилгүй ч оны дүрмийг хичээнгүйлэн дагаж, тахилд Богдын-Аврал хэмээх нэгэн хөвгүүн, Таваг алт хэмээх нэгэн охин жич хонь Гахайн зэргийн тахилыг тоо ёсоор хүнтэдгэн өргөмүй. Маныг авралдаа багтаан салхи эевэргүү хур тэнцүүхэн байлгаж тариа төмсийг төрүүлэх болтугай” хэмээн залбирч хүж зулаа асаан гэр гэртээ тархан одсоныг өгүүлэхгүй.

 

            Тэр Гахай олон улсын тархсаныг үзээд Бичинд өгүүлрүүн: “Бид бас харьсугай” Бичин өгүүлрүүн: “Чи хаа харимуй?” Гахай өгүүлрүүн: “Бид Чэн өвгөний гэрт одсугай” Бичин өгүүлрүүн: “Манхуу чи бас дэмий донгодмуй. Хүний явдлыг нэгэнтээ хүлээж аваад амалснаа гүйцээхгүйгээр болох буюу?” Гахай өгүүлрүүн: “Чи өөрөө манхуу бөгөөд харин намайг манхуу хэмээмүй юү? Бид гарч наадваас барах нь тэр буй за, юунд үнэн болгож биеэ хүргэж давхлуулмуй!” Бичин өгүүлрүүн: “Хүнд тус хийвээс дуусах буй за. Эрхгүй тэр эзэд ирж идсэн хойно, сая үүсгэл төгсгөл буй хэмээвээс болмуй. Тийм бус, гэдрэг харин гай гамшиг болбоос нэн муухай болох бус уу” хэмээн хараахан өгүүлж атал гэнэт салхи шуугин үүсгэвэй. Гахай өгүүлрүүн: “Муу болов! Салхи салхилах нь тэр юм иржээ” хэмээсэнд Бичин: “Чи бүү дуугарагтун, би үзсүгэй” хэмээтэл тэр шулам хэдийнэ үүдний өмнө хүрч ирэв. Түүний төрсөн байдлыг лавлан үзвээс:

 

            Алтан хуяг дуулгаас гэрэл цацран

            Ал хасын бүс нь нүднээ илтэй.

            Хоёр нүд нь цолмон од мэт,

            Хурц шүд нь хөрөөний ир адил.

            Хөлийн доор хүдэн манан тунаран

            Хөвчин бие хөх униар бүсэлжээ.

            Хөдлөн явахуйяа хүйтэн жавар сэрчигнэж,

            Хөндөлсөн зогсохуйяа халуун уур манармуй.

            Харж лавлах хан хурмастын үүдэн сахиулсан мэт

            Хянан ажиглахуйяа хийд сүмийн хаалган махаранз адил.

 

Тэр амьтан сүмийн үүднээ алдлан асууруун: “Энэ жил тахисан нь аль гэрийн жишээ буй?” хэмэхүйд Бичин хад хад инээж өчрүүн: “Доороос асуугч сонс, энэ жилийн жишээ болбоос Чэн Чэн, Чэн Чингийнх болой” хэмээсэнд шулам сонсож дотроо сэжиглэн санаруун: “Энэ хөвгүүн юутай ийнхүү цөс их аж, үүний үзэх нь хурц, урьд тахигч хөвгүүнээс асуухуйд нэг үг ч дуугарахгүй бөгөөд дахин асууваас сүнс нь завхаад гараар барихуйд цөм үхсэн мэт бөлгөө. Энэ өдрийн энэ хөвгүүн юунд ийм өчүүхэн ч эмээхгүй зоригтойгоор өчих аж?....” хэмээн аймшиггүй шууд барихгүйгээр бас асууруун: “Хөвгүүн, охин таны нэр хэн буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Хөвгүүний нэр Богдын-Аврал, охины нэр Таваг-Алт.” Шулам өгүүлрүүн: “Энэ тахих хэмээгч урьдах хуучин ёс, өдгөө надад тахил өргөсөн тул би өдгөө чамайг идмүй.” Бичин өгүүлрүүн: “Айлгүй зөрчиж үл болох тул, чиний зоригоор болтугай.” Тэр шулам сонсоод нэн гэлмэн хаалгыг бөглөн зандан өгүүлрүүн: “Чи бүү яншаад бай! Урьд жилүүдэд хөвгүүнийг урьдаар иддэг бөлгөө, энэ жил урьдаар охиныг идмүй!” Гахай мэндэн өгүүлрүүн: “Эзэд мөнхүү хуучин ёсоор болбоос сайн буй за, ёсоо бүү эвд” хэмээв.

 

            Тэр шулам үгийг авахгүй, даруй гар хөдлөн Гахайг идээр ирэхүйд, тэр манхуу харайн бууж, уг биеэр болон малтуураа далайн гарыг нь занчсанд ган гэх дуу гараад тэр шулам дутаан одов. Гахай: “Шулмын хуяг оногдов!” хэмээтэл Бичин бас уг биеэр болж харваас газарт унасан нь хоёр хэсэг тэвшийн чинээ загасан хайрс ажгуу. “Нэхэгтүн!” хэмээн нэгэнтээ зандан хоёул огторгуйд дэгдэн гарч хөөн ирэхүйд, тэр шулам тахилга амсахаар ирсэн тул зэвсэггүй гар хоосноор огторгуй дээр байж ийн асууруун: “Та нар хаанаас ирсэн тойн буй? Юунд энд ирж хүнийг дарлан, тахилгыг эвдэж, миний нэр сүрийг бууруулмуй!” Бичин өгүүлрүүн: “Энэ муу шулам мэдэхгүй чинь үнэн, бид зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газар ном залаар одогч Тансагийн шавь нар мөн. Өчигдөр шөнө бид Чин овогтын гэрт хоноглоод нэг илт үзүүлэгч хэмээх шулам аж, жил бүр ариун хөвгүүн охиноор тахиулан амьтанд хор хийнэм хэмээн сонсов. Бид болбоос асрал энэрэнгүйгээр амьтныг авран туслахын тул самуун шулам чамайг барьсугай хэмээн ирэв!” Түргэн өчгөө өг! Чи энд хэдий жил болж хичнээн хүнийг идсэн буй? Нэг нэгээр тоочиж цөмийг төлж өгвөөс чиний үхэх ялыг хэлтрүүлсүгэй!” тэр шулам үүнийг сонсоод хойш дутаатал Гахай малтуураас бас нэгэнтээ цохьсонд оногдсонгүй салхи болон Тэнгэр голд шурган оров.

 

Бичин өгүүлрүүн: “Түүнийг хөөх хэрэггүй, энэ лав усан доторх шулам болой, маргаад үүнийг аргаар барьж багшийг гол гаргуулсугай.” Гахай үгийг дагаж хойш сүмд эгэж ирээд, тэр тахилын Гахай хонь, архи дарс зэргийг Чин овогтын гэрт буцаан ацрав. Тэр үед Тансаг, Шороо, Чин овгийн ах дүү хоёр лугаа хараахан гол гэрт аж, тэдний чимээг хүлээн ажээ. Гэнэт тэр хоёул Гахай хонийн зүйлийг цөм ацарж хүрээн дунд хаясанд Тансаг угтан ирж асууруун: “Бичин, танай тахилын хэрэг яав?” Бичин шулмыг хөөж усанд оруулсан учираа нэгэн зэрэг өгүүлсэн хойно хоёр өвгөн их л баярлан яаран ор дэвсгэр засаж, багш шавь дөрвүүлийг нойрсуулжээ. Үүнийг түр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, тэр шулам усанд ороод ордондоо дуугүй бухимдан суухуйд усан аймгийн их бага бүгдээр цөм ирж ийн асууруун: “Эзэд та жил бүр тахил зооглож баясч ирдэг бөлгөө, энэ жил юунд ийнхүү ундууцмуй?” Шулам өгүүлрүүн: “Урьд жилүүдэд амсаж үлдсэнээ та нарт бас ацарж өгдөг бөлгөө. Энэ өдөр би өөрөө бас олж идсэнгүй харин заяа муудаж нэгэн хэцүү хүнд учраад амиа арай өгөн алдав.” Олноор асууруун: “Тэр нь цухам хэн хэмээгч буй?” Шулам өгүүлрүүн: “Тэр болбоос зүүн газраас ирсэн, баруунш ном залаар одох Тан улсын тойны шавь нар, хуурмагаар тахилын хөвгүүн охин болон хувилж миний амийг аван алдав. Хэдийн хүний хэлэлцэхийг сонсохул, Тансаг хэмээгч арван төрөл ариунаар бясалгал хийсэн санваартан, түүний махыг нэг хэсэг идвээс нас урт болох хэмээсэн бөлгөө. Санамсаргүй түүний доор ийм чадалтай шавь нар байсан ажгуу. Би түүнд нэрээ гутаагдаж, зул хүж, тахил тавигаа тасалдуулав. Тансагийг барьсугай хэмээн санавч гагцхүү үл чадахаас эмээмүй.”

 

Тэр усан аймгийн дотроос нэг атуу анван загас гарч ирэн, хичээнгүйлэн дэвшиж тэр шулмын өмнө мөргөн ёсолж инээн өгүүлрүүн: “Эзэд та Тансагийг барьсугай хэмээвээс ямар бэрх буй! Түүнийг бариваас надад юуг шагнамуй?” Тэр шулам өгүүлрүүн: “Чамд сайн арга байж Тансагийг барих болбоос би чамайг охин дүүгээ болгож Тансагийн махыг хамт идсүгэй.” Тэр атуу анван мөргөн тал өгөн өгүүлрүүн: “Эзэд танд салхи бороог урьж, далай мөрнийг хутгах увидас эрдэм байхыг хэдийнээс мэдмүй гагцхүү цас оруулж чадах эсэхийг мэдэхгүй?” Шулам өгүүлрүүн: “Оруулж чадмуй.” Атуу анван бас өгүүлрүүн: “Нэгэнтэйеэ цасыг оруулан чадваас мөсийг хөдөлгөн чадах нь хүчиргүй буй за?” Тэр шулам: “Нэн чадмуй!” хэмээв. Атуу анван алга ташин инээн өгүүлрүүн: “Ийн болбоос маш хялбар! Маш хялбар!” Тэр шулам асууруун: “Чи хялбарын учраа өгүүл, би сонссугай.” Тэр атуу анван өгүүлрүүн: “Тийн болбоос эзэд та татгалзах хэрэггүй, энэ шөнийн гурван жингээс эхлэн увидас үүсгэн жихүүн салхи салхилуулан их цасыг оруулж, Тэнгэр голыг тас няс гэтэл хөлдөөгөөд манай мэт хувилж чадахыг нэг хэдийг сонгон гаргаж явдлын хүн болгон хувилгаад, боодол өргүүлэн, шүүр бариулан, дамнуур дамнуулан тэрэг түлхүүлэн мөсөн дээр хойш урагш явуулбаас, тэр Тансагийн ном залах сэтгэл маш яаруу тул, энэ мэт хүн явахыг үзвээс лав мөсөн дээгүүр гармуй. Эзэд та голын дунд нь хүлээж байн тэднийг хүрч ирэх үед мөсийг нь цөмрүүлбээс түүнийг шавь нартай нь цөм усанд унагаагаад нэг хэнгэрэгт олж болох болой! Тэр шулам сонсоод маш баясан: “Сайн арга! Сайн арга!” хэмээгээд ордоос гарч огторгуйд дэгдэн салхи хөдөлгөн их цас оруулан мөсийг хөлдөөснийг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс Тансаг багш шавь дөрвүүл Чин овогтын гэрт хонож, тэнгэр гэгээрэх үе болохуй толгой жингинэн бие жихүүцжээ. Гахай хадганан чичирч: “Ах, ямар хэцүү хүйтэн буй!” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Энэ Тан манхуу огт шинжгүй! Тойн болсон халуун хүйтнийг хайхрахгүй нь зүй атал чи юунд ийнхүү айх буй.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, үнэхээр хүйтэн байнам, чи түүнийг үзэхгүй юү?:

 

        “Давхар хөнжилд дулаан илчгүй,

        Дугтуйлсан гар мөс ахуулсан мэт.

        Хохирох намрын навчнаа цагаан тоорцог суугаад

        Хөхрөх нарсан салаанаа болор хонгорцог дүүжилжээ.

        Хөрст газар дэлбэррүүн, хүйтэн хэцүүдсэний тэмдэг,

        Хөхөмдөг бүрд цайран хөлдөж битүүрсний харгаа.

        Хөлөг онгоцыг харваас гөхчин өвгөн үзэгдэхгүй,

        Хийд сүмд хүрвээс хувраг гэлэнд учрахгүй.

        Түлээчин эр сөөг дарагдсанд гуниаж,

        Тайжийн хөвгүүн нэмэгдсэнд баясмуй.

        Холын аянчны хууз сахал цантаж

        Холбох уянгатны үзэг бийр хөшив.

        Үслэг дах ч өнгөрүү нимгэн санагдаж

        Үнэгэн зувчаа ч огоот хөнгөн бодогдмуй.

        Одлын олбог дээр өтгөс тойн бээрч,

        Онгоц бумбад тэнүүл сүнс цочмуй.

        Торгон хөнжлийг давхарлавч тусгүй,

        Дагжин чичирч эрүү ам хавднам.”

 

Багш шавь нар унтаж чадахгүй босч хувцасаа өмсөөд, үүдийг нээж гарч үзвээс, Аяа! гадна цав цагаан, харин цас орсон ажгуу! Бичин өгүүлрүүн: “Та нар хүйтэн болов хэмээж байсан нь харин ийм их цас орсон ажгуу!” хэмээн дөрвөн хүн хамтаар үзвээс үнэхээр их цас ажгуу:

 

            Бор үүл бүрхэн умар салхи исгэрч

            Будангуй манан татаж их цас лавсалмуй.

 

            Энэ үнэхээр:

 

            Мөнгөн өрөвтас будран мод шугуй хасын чимэг зүүжээ.

            Үзэж байтал өвч цайж харж атал хөрлөн овооров.

            Цайвар тотийн зүс дарагдаж

            Цагаан тогоруу арай өнгө тэнцмүй.

            Урсах мөрнийг нийдэм хөлдөөж,

            Ой модыг өвч даржээ.

            Үнэхээр мянга түмэн хасын луу хэрэлдэхүйеэ

            Мөнгөн хайрс нь зулгаран огторгуй дүүрэн хийсэх мэт.

            Энэ үес мөснөө элэгдэх, цаснаа бичиг унших мэтэс харагдахгүй бөгөөд

            Завиар чарга хийх, эсгий зажилж өл дарах мэтэс нэнт үгүй болой.

            Харахуйяа хасын орчлон мөнгөн дэлхий болжээ.

            Хөвөн унгарил гүүр сөдлөгийг бүрхэхүйеэ

            Гөхчин өвгөн бүрх нөмрөг нөмөрч,

            Гүйлсэн цэцэг гэр бүрхийг хучихуйяа

            Хөгшин өтгөс хожуул түлмүй.

            Аяны хүн архи дарс олохуйяа бэрх,

            Айлын өтгөс тэргүүлэгч цэцэг эрэхүйеэ хүчир.

            Эрвээхэйн жигүүр эвхэр эвхэр хийсэн,

            Галуун өд газар дүүрэн бутармуй.

            Салхилан салхилан ирэхүйеэ цас нэнтээ лавсаглаж,

            Шууран шууран орохуйяа зам тэргүүр дарагджээ.

            Зэрэг зэрэг жихүүн жавар зам халхыг нэвтлэн,

            Сүр сүр хүйтэн амьсгал хөшиг далдавчнаа ормуй.

            Элбэг жилийн ивээлт цас тэнгэрээс бууж,

            Эн дэлхийн хүмүүст тус болох нь баясалтай.

 

Энэ цас лавсаглан буух нь үнэхээр унгарил хийсэн хөвөн зулах мэт. Багш шавь нар удтал үзэн атал, тэр гэрийн эзэн хоёр зарц хүүхдээр цас шүүрдүүлэн зам гаргуулж, бас хоёр хүнээр нүүр угаах ус гүйгүүлэв. Удсангүй бас халуун цай, хавсай боорцог хүргэн, гал авчруулж, хажуугийн гэрт оруулав. Багш шавь нар цөм суулцсан хойно Тансаг асууруун: “Өглөгийн эзэн, танай энэ газарт хавар зун, намар, өвлийг ялгадаг буюу?” Өвгөн инээн өгүүлрүүн: “Энэ газар хэдийгээр буйд бөглүү боловч зан дадхал, удам угсаа нь танай улс лугаа адил бус төдий буй за, тариалах, маллах, цаг уур нь нэг адил тул дөрвөн улирал үл ялгах ёсон буюу?” Тансаг өгүүлрүүн: “Тийн бөгөөд юунд өдгөө даруй ийм их цас орж ийм хүйтэн болсон буй?” Өвгөн өгүүлрүүн: “Өдгөө хэдий долоон сар боловч өчигдөр цагаан шүүдэр орсон тул нэгэнтээ найман сарын үе болжээ. Манай зүүн газар болбоос өвөл сая цас ордог бөлгөө. Манай тэр газраас огоот өөр аж.”

 

            Хараахан ийн өгүүлэлдэн атал гэрийн ард ширээ тавин цав ацрав, цав зооглож барсан хойно, тэр цас өглөөнийхөөс нэн их болж тал газар хоёр тохой гүн хурсанд, Тансаг дотор цухалдан санамсаргүй нулимс унагахуйд тэр өвгөн үзээд өгүүлрүүн: “Тойн та сэтгэлээ сул тавь, цасны ихэд бүү зов, би таныг тавин жил ажиггүй тэжээж дийлмүй.” Тансаг өгүүлрүүн: “Өглөгийн эзэн чи үгээгүй тойн миний зовохыг мэдэх бус, би хааны зарлигийг хүлээн гарч ирэхүйд, эзэн хишиг хүртээн их жагсаалаар хот гартал үдэж, өөрийн гараар хундага өргөн үдэх хурим хийж “Хэзээ буцаж ирмүй?” хэмээн асуусанд үгээгүй тойн би уул мөрний бэрх бартааг мэдэхгүй, амны аяар “Гурван жилийн дотор лав ном залан буцаж ирмүй” хэмээн хариулсан бөлгөө. Салснаас хойш өдгөө нэгэнтээ долоо найман жил болтол бурхны гэгээн нүүрт золгоогүй. Ийнхүү хугацаанаас хэтэрснээ зовнихын хамт ад шулмасын айхтар хэцүүгээс эмээмүй. Ийнхүү цухалдсан бөлгөө. Энэ өдөр ерөөл байж эрхмийн гэрт олж хоноод өчигдөр шөнө мунхаг шавь нар баахан тус хийж хариулав. Чухамдаа танаас нэгэн онгоц гуйн энэ голыг гэтэлсүгэй хэмээсэн бөлгөө. Санамсаргүй өдгөө бас их цас орж зам цөм дарагдав. Хэзээ хэргээ бүтээж нутагтаа харих болов!” хэмээсэнд тэр өвгөн: “Та сэтгэлээ битгий чилээ, миний энд нэг хэдэн өдөр сууж тэнгэр арилж мөс хайлсны хойно хөгшин би хөрөнгөө хөнтөрсөн ч, онгоц ирж таныг гаргасугай” хэмээв.

 

            Үзтэл нэг зарц хүүхэд орж ирээд өглөөн цав барьсугай хэмээн гол гэрт залсанд, Тансаг багш шавь дөрвүүл гол гэрт орж цав зооглон бараад нэлээд удтал хэлэлцэн суутал бас үдийн цав орж ирэв. Тансаг тэр идээний элбэг сайныг үзээд дотор амаргүй болж ийн өгүүлрүүн: “Хайрлаж үлдээсэн хишиг нь багагүй бөгөөтөл, бас юунд ийн их хүндэлмүй.” Чэн өвгөн өгүүлрүүн: “Багш таны хүүхдийн минь амийг аварсан ачийг бодвоос хэдэн өдөр хийн хүндлэвч мөн хариулан их цас сая зогсож хүн явж болох болсонд, Чэн өвгөн Тансагийн баяргүй байхыг үзэн бас цэцгийн хүрээлэнг шүүрдэн их ховонд гал түлүүлэх цасан агуй дотор зоогхийн уйтгараа сэргээсүгэй хэмээв. Гахай инээн өгүүлрүүн: “Энэ хөгшин үнэхээр тэнэг! Хаврын хоёр гурван сар болхул цэцгийн хүрээлэнд зоогхийж болох буй за, ийм их цастай хүйтэн өдөр цэцгийн хүрээлэнд юу үзмүй.” Бичин өгүүлрүүн: “Манхуу чи мэдэхгүй баймуй! Цасны үзэмж өвөрмөц сайхан болой. Нэг зоогхийж, хоёрт багшийн сэтгэлийг уудам болгосугай хэмээх санаа болой.” Чэн өвгөн: “Мөн, мөн, төвхийтэл миний санаа лугаа нийцэв” хэмээн даруй залж цэцгийн хүрээлэнд ирэв. Тэр хүрээлэнг үзвээс:

 

            Улирал сая намрын гурван сар боловч,

            Өнгө нь хөхөө өвлийн үзэмж бүрджээ.

            Өндөр нарснаа хасын цацаг манжилгалж,

            Унжгар уднаа мөнгөн унжлага дүүжилжээ.

            Индрийн доорх хасын хөвднөө оон нунтаг овоорч,

            Гэгээвчийн өмнөх ногоон хулсанд хасын сүеэ цухуйжээ.

            Зэргэлмэл уулнаа хас шорон сэгийлцэн,

            Загасан нуур хөлдөөд мөсөн таваг болжээ.

            Эрэг дээрх цацагт цэцгийн өнгө цайвар,

            Хөвөөн дэх хин цэцгийн мөчир унжгар.

            Намрын хайтан нийдэм налаад,

            Лав тэргүүлэгч цөм нахиалжээ.

            Мандарваан тагт, анурадын тагт, гавирын тагт цөм

            Хунгийн өдөөр хучуулж,

            Цэнгэх газар, зочлох газар, зоогхийх газар бүгд

            Эрвээхэйн жигүүрээ дэвсгэрлэжээ.

            Шар удвал алтаар тоорцоглон

            Хасаар гэсэрлэжээ.

            Ал батцагаан улаанаар голлон цагаанаар хөвхөлзмүй.

            Чихэн гэрүүдэд хүйтэн нь орохуйяа бэрх.

            Цасан агуй нэнтээ мөсөнд адил.

            Доор нь матрын сэнжит ховоонд нүүрсэн гал хөгжөөжээ.

            Барсын арьсан олбогт исрийг гэгээвчний дэргэд тавьжээ.

Туурганаа эртний нэрт хүмүүсийн зураг өлгөжээ. Түүнийг үзвээс:

            Долоон эрдэмтэн боомт туулсан,

            Хүйтэн мөрнөө ганцаар гөхдсөн,

            Ар газар арав есөн жил тэсвэрлэсэн

            Тэргүүлэгч цэцэг төгсөн,

            Цаснаа шүлэглэсэн зэрэг болмуй.

            Үнэхээр: Усны хөвөөнөө загас олохуйяа хялбар,

            Их цаснаа архи эрэхүйеэ бэрх,

            Амран суух газар буй ахул,

            Аршийн орныг эрэх хэрэг юун?

 

Эд хэдүүл нэлээд удтал зугаацан тойроод, цасанд суух гэрийн эзэнд ном залахын учрыг нэгэн зэрэг хэлж амтат цай авчирч, уусны хойно, Чин өвгөн: “Тойн та архи зооглох буюу?” хэмээн асуусанд, Тансаг өгүүлрүүн: “Үгээгүй тойн архи уудаггүй, миний шавь нар харин ариун архи хэдэн хундага уудаг бөлгөө.” Тэр өвгөн маш баясан, архи авчруулан хүн бүр хэдэн хундага уув.

 

Санамсаргүй тэнгэр орой болсонд Тансаг багш шавь дөрвүүл гол гэрт орж оройн цав зооглосны хойно гэнэт сонсвоос зээлээр явах хүмүүс: “Үнэхээр хүйтэн! Тэнгэр гол тас няс хөлдөв!” хэмээлдмүй. Тансаг сонсоод ийн өгүүлрүүн: “Аяа, Бичин, гол хөлдсөн болбоос бид өдгөө хэрхсү?” Тэр өвгөн өгүүлрүүн: “Гэнэт хүйтрэхүйд голын хөвөөний гүйхэн ус хөлдсөн буй за.” Тэр гаднаас ирсэн хүн өгүүлрүүн: “Найман зуун газар өргөн Тэнгэр голын хөлдсөн нь толь мэт, дээгүүр нь хүн явж баймуй!”

 

Тансаг хүн явнам хэмээхийг сонсоод эчиж үзсүгэй хэмээсэнд, Чэн өвгөн: “Багш яарах хэрэггүй, энэ өдөр орой болов. Манагаар эрт очиж үзсүгэй” хэмээсэнд тэр шөнө мөнхүү тэндээ хонов.

 

            Манагаар эрт Гахай босмогц ийн өгүүлрүүн: “Энэ шөнө нэн хүйтэн, бодвоос гол хөлдсөн буй за.” Тансаг үүд өөд хандан тэнгэрт залбиран өгүүлрүүн: “Хувилгаан эрхтэн минь, шавь би баруунш ирсэнээс нааш гагц сүсгээр бурханд мөргөсүгэй хэмээн уул мөрнийг зовон гэтэлж өчүүхэн ч гэмшин гомдсон газар үгүй. Энд хүрч ирээд дээд тэнгэрт ивээгдэн голын ус барилдан хөлдөв. Шавь би хоосон сэтгэлээр сүсэглэн хожим ном залж буцсан хойно Тан хаанд айлтгаж үнэнч сэтгэлээр талархсугай” хэмээн мөргөн бараад Шороогоор морийг эмээллүүлж мөсөн дээгүүр гол гэтлэхээр болсонд тэр өвгөн өгүүлрүүн: “Та бүү яар, хэдэн өдөр хүлээж цас мөс хайлсан хойно би онгоц олж таныг гаргасугай.” Шороо өгүүлрүүн: “Дам чимээг итгэж болшгүй. Би морийг эмээллэв, багш өөрийн биеэр одож үзвээс сайн.” Тэр өвгөн “Мөн болой” хэмээгээд хүүхдийг дуудан: “Багшийн морийг эмээллэхүйг түр байж, миний мориноос зургааг эмээллэж авчир!” хэмээв.

 

            Тэндээс, тэр өвгөн зургаан хүүхдийг дагуулан, Тансаг багш шавь дөрвүүлийн хамт голын хөвөөнөө ирж үзвээс:

 

            Орсон цас овоорон уул мэт сүмбэрлээд

            Огторгуйн үүл ярагдан үүрийн гэгээ татжээ.

            Цавчаалын асга цасаар чимэглэгдэн,

            Цалгилах мөрөн мөсөөр хучигджээ.

            Умар салхи сэр сэр,

            Гол мөрөн тас няс.

            Нуурын загас зузаан замагт шургалан,

            Хээрийн шувуу хувхай мөчирт хоргодмуй.

            Боомтын гадна дайлаар одогчдын арван хуруу хөлдөж,

            Мөрний дээр онгоц сэлэгчдийн эрүү ам хавагнамуй.

            Могойн гэдэс дэлбэ хөлдөж,

            Шувуун сүүл тас очин

            Үнэхээр мөст уул мянган тохой өндөр болжээ.

            Түмэн мөрөн хүйтний учраа мөнгөн болороор зайрлаж,

            Нэгэн шил хөлдүүн харгаа хасын дээл нөмөрчээ.

            Зүүн зүгийн хөр бээрэн

            Умард газрын хулгана ичээндээ оржээ.

            Журамт эр Ван сияан болбоос мөсийг хагалан орох болзошгүй,

            Тэр нэгэн шөнийн хүйтэнд гол горхи ёроолдоо тултал хөлджээ.

            Муруй нуур давраа татан хөлдөж

            Гүн цүнхээл мөсөн эвхээл тогтжээ.

            Тэнгэр голын догшин давалгаа долгиолохоо зогсоод

            Цайлзан барилдсан мөс нь хуурай газар мэт болов.

 

Тансагтаны нэгэн бүлгийн хүмүүс голын хөвөөнд хүрч ирээд морийг татан үзвээс, үнэхээр мөсөн дээгүүр хүн явмуй. Тансаг тэр өвгөнөөс асууруун: “Тэдгээр хүмүүс хаа одмуй?” Тэр өвгөн өгүүлрүүн: “Энэ голыг гарваас Кис Курганы охин улс болой. Манай эндэх зуун ззосын юм тэдний тэнд хүрвээс түмэн зоос хүрмүй, тэдний тэндэх зуун зоосын юм манай энд ирвээс мөн түмэн зоос хүрмүй. Ашиг олох нь ихийн тул эдгээр арилжаачин амиа тэвчин мөсөн дээгүүр явах нь энэ болой.” Тансаг өгүүлрүүн: “Ертөнцийн хүн гагц нэр ашгийг хүнд болгомуй, тэд ашгийн тул амиа цөлж үхэхээ умартмуй. Би зарлигийг хүлээж шударгыг гүйцэтгэсүгэй хэмээх нь мөн нэрийн тул болой. Түүнээс юун өөр! Бичин хойш одож морь амьтайгаа авч ирэн мөсөн дээгүүр гарч баруунш одсугай” хэмээсэнд, Бичин инээн хүлээн авав.

 

            Шороо өгүүлрүүн: “Бичин нэг хэдэн өдөр хүлээж тэнгэр арилаад мөс хайлсан хойно онгоцоор гарваас сайн буй! Яарваас алдал гарах болуузай.” Тансаг өгүүлрүүн: “Шороо чи юунд ийнхүү мунхаг буй! Хаврын цаг болбоос мөс гэсэх буй за, өдгөө намар болсон тул өдөр өдрөөс улам хөлдөхөөс өөр бас хайлах ёсон буюу?”

 

            Гахай мориноос бууж өгүүлрүүн: “Дэмий олон хэлэлцэх хэрэггүй, би одож хэдий зузаан хөлдсөнийг тэнсэн үзсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Манхуу, тэр шөнө усны гүнийг чи чулуу орхин үзэв. Өдгөө хөлдсөнд чи яахан тэнсмүй?” Гахай өгүүлрүүн: “Ах чи мэдэхгүй, би малтуураар цохиж үзсүгэй. Хэрэв цөмөрвөөс айшгүй явж болохгүй. Эс цөмөрвөөс явахаас айх учир юун?” Тансаг: “Мөн, мөн” хэмээв. Тэр манхуу хормойгоо шуун ханцуй шамалж, их алхамаар алхан голын хөвөөнд хүрч малтуураар мөсийг цохьсонд, тэр мөс өчүүхэн ч алзсангүй болоод харин манхуугийн гар доргин өвдвэй. Тэр манхуу инээн: “Гарч болмуй, нэгмөсөн хөлджээ” хэмээв.

 

            Тансаг үүнийг сонсоод тэсгэлгүй баярлаж явсугай хэмээн Чэн өвгөний гэрт буцан ирж амьтай боодлоо дүүрэхүйд тэр хоёр өвгөн дахин дахин хүчлэн гуйвч үл болох тул хавсай боорцог хийж хүнс барив. Бас нэг тэвш хэмхдэг алт цайр, мөнгийг авчран гэрийн олноор Тансагийн өмнө сөгдөж: “Багшийн авралаар миний хөвгүүний амь гарсан ачид энэ алт мөнгийг нэгэн цагийн цавын зардал болгон өргөсүгэй” хэмээсэнд, Тансаг толгой сэгсрэн өгүүлрүүн: “Ядуу тойн би гэрээс гарсан хүн тул, бадарлан явахыг эрхэм болгохоос өөр, юуны алт мөнгөнд дурламуй? Гагц энэ хуурай хүнсийг авбаас мөн баршгүй болой” хэмээв. Тэр хоёр өвгөн дахин дахин гуйхуйд Бичин хуруугаар бага чимхэн авч Тансагт барин: “Хоёр өвгөний сэтгэлийг бодож, үүнийг өргөл болгосугай” хэмээв. Тэндээс даруй Тансагаас салан мөсөн дээгүүр одохуйд, морь халтирах нь хэцүү тул, Тансаг арай унан алдав. Шороо: “Багш мориноос унуузай” хэмээтэл Гахай өгүүлрүүн: “Түр байз! Би Чэн өвгөний гэрээс тутрагын сүрэл авчирсугай.” Бичин өгүүлрүүн: “Чи тутрагын сүрлээр яамуй?” Гахай өгүүлрүүн: “Чи юуны мэдмүй? Тутрагын сүрлээр морины туурайг боовоос халтирахгүй болмуй.” Голын хөвөөн дээр асан Чэн өвгөн энэ үгийг сонсоод хүн зарж гэрээс нэгэн боож тутрагын сүрэл авчруулан морины туурайг боосонд морь халтирахгүй болж мөсөн дээгүүр баруунш одов.

 

            Чэн өвгөнөөс салж голд орон гурав дөрвөн газар явсанд Гахай есөн гарагт дулдуйг Тансагт өгч: “Багш чи үүнийг хөндлөн барьж яв” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Энэ манхуугийн залийг үзэхгүй юү! Дулдуйг чи барьдаг бус буюу? Юунд багшаар бариулмуй?” Гахай өгүүлрүүн: “Чи мөсөн дээгүүр явж үзсэнгүй тул мэдэхгүй болой. Энэ мөсөн дээр цөөрөм байж магадгүй. Багш хэрэв цүл хийтэл унаваас энэ дулдуй дамлаж байхуйн тул гарч ирэхүйд сайнгүй юу?” Бичин дотроо инээн: “Энэ манхуу харин мөсний дээгүүр явах аргыг мэдэх ажгуу!” хэмээгээд цөм түүний үгийг дагаж Тансаг дулдуйгаа хөндлөн атган Бичин бэрээгээ хөндлөн барьж Шороо эрдэнийн таягаа бас хөндлөн атган Гахай амьтайгаа мөрлөн араат малтуураа дундаас атгаад, багш шавь нар сэтгэл амар урагш яван, бас баахан хуурай хүнсээ идэж баруунш одов.

 

            Хараахан яван атал, гэнэт мөсний доор хүнгэнэх дуу гарсанд, цагаан морь арай эс цочи үргэвэй. Тансаг их л гэлмэж өгүүлрүүн: “Шавь минь, ямар юм ийнхүү хүнгэнэн дуугармуй?” Гахай өгүүлрүүн: “Энэ голын хөлдсөн нь маш бэх маш түргэн тул хөндий хөлдсөн буй за.” Тансаг сонсож, цочсон бөгөөд бас баярлаж морийг шалан яаран замнахыг өгүүлэхгүй.

 

            Жич өгүүлэх нь тэр шулам ордондоо эгсэнээс олон шулмын хамт мөсний доор удтал хүлээн сууж атал гэнэт морины туурайн дуу гарахуйд увидас хэрэглэн хөлдсөн мөсийг дэлбэлсэнд цагаан морь, Гахай, Шороотныг цөм усанд унагав. Гагц Бичин огторгуйд дэвхрэн гарчээ.

 

            Тэр шулам Тансагийг бариад олноо аван, шууд усан ордонд эгэж их дуугаар: “Охин дүү атуу анван хаа буй?” хэмээсэнд, тэр атуу анван угтан ирж ёслон: “Их эзэд ээ, айшгүй! Айшгүй! Би энд буй!” хэмээсэнд, тэр шулам өгүүлрүүн: “Мэргэн охин дүү юунд ийн өгүүлмүй!”Амнаас гарсан үгийг агт хүлэг гүйцэхгүй” хэмээжээ. Урьд чиний аргыг дагаж Тансагийг бариваас би чам лугаа ах охин дүү барилдсугай хэмээн хэлсэн бөлгөө, өдгөө чиний аргаар Тансагийг барив. Урьдын үгээ буцах буюу?” хэмээгээд хүүхдийг дуудан хурим бэлтгүүлэн: “Тансагийг гаргаж ир, гэдсийг нь хагалж арьсыг өвчиж охин дүү лүгээ хамт идсүгэй” хэмээсэнд тэр атуу анван өгүүлрүүн: “Их эзэд үүнийг түр бүү идэгтүн, үүний шавь нар бас ирж цуугих буй за, хоёр өдөр сэмээр хүлээж түүний шавь эрэхээр ирэхгүй болсны хойно гэдсийг хагалж, хөгжим үүсгэн их эздэд хурим бариваас сайн бусуу?” Тэр шулам үгийг зөвшөөж Тансагийг ордны ар дахь нэг зургаан тохой урт чулуун авдрын дотор хийж битүүмжлэн тавьсныг дурдахгүй.

 

            Тэндээс Гахай, Шороо хоёул усан дотроос амьтайгаа шүүн авч морин дээр ачиж, мөсний дотроос гарч ирэхүйд, Бичин огторгуй дээрээс: “Багш хаа буй?” хэмээн асуусанд Гахай өгүүлрүүн: “Багш ёроолд тунав. Өдгөө түүнийг хаанаас эрж олмуй, түр эргийн дээр гарч жич зөвлөсүгэй.” Угаас Гахай болбоос тэнгэрийн голыг сахиж, найман түмэн усан цэргийг захирч байсан их өрлөг ертөнцөд бууж, Шороо болбоос мөн Шороо голын эзэн бөгөөд цагаан морь баруун далайн лусын хөвгүүн тул эд цөм усанд сайн ажгуу. Төд Бичин огторгуйн дээрээс удирдан дагуулж, удсангүй зүүн эрэгт гараад дээлээ мушгин морио самнаж, гурвуул мөн Чэн өвгөнийд мэдүүлрүүн: “Тэр ном залагч дөрвөн тойноос гурав нь үлдэж ирэв.” Хоёр өвгөн угтан гарч ийн өгүүлрүүн: “Бид таныг түр суу хэмээн хичнээн ятгавч үгэнд орсонгүй тул ийм болов. Тансаг хаа буй?” Гахай: “Тэр Тансаг хэмээх нэрээ хаяад Таларвай хэмээх нэрийг олжээ” хэмээсэнд хоёр өвгөн нулимс унагаж уйлан өгүүлрүүн: “Хөөрхий! Хөөрхий! Бид цас хайлсан хойно онгоцоор гаргасугай хэмээвээс тун болохгүй, харин аминд нь хор хүрэв!” Бичин өгүүлрүүн: “Та эртний хүн тул бүү зовогтун, миний багшийн нас нь урт, үл үхэх буй за. Өвгөн Сүн би мэднэм, магад тэр Илт үзүүлэгч эзэд арга хэрэглэж аваачсан болой, та түр сэтгэлээ сул тавьж манай дээлийг угаан арилгааж албан тэмдэгт бичгийг дэлгэж хатаан, цагаан моринд өвс сайн өг, бид түүнийг эрэн олж багшаа гаргаж аван шулмын үндсийг таслан, танай тул хойчийн зовлонг арилгаж уртад амар төвшин болгосугай!” хэмээсэнд хоёр өвгөн их л баярлан цав барьж зочлов.

 

            Ах дүү гурвуул нэгэн зэрэг цадтал зооглож морь амьтайгаа Чэн овогтын гэрт тушаан өгч хадгалуулаад, тус тусын зэвсэгээ авч, шууд голын хөвөөн зүг багшаа авран шулмыг барихаар ирэв. Чухам багшаа хэрхэн гаргахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 42 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 29 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 58 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 2 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 45 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 18 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 21 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 22 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 56 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 5 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 15 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 20 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 43 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 0 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 54 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 18 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 19 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 34 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК