зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрыг баячуудын халаасанд бус баялаг бүтээгчдийн эзэмшилд

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-10-20
0
ЖИРГЭХ


Нас сүүдэр 70 дөхсөн ч идэр залуучуудаас дутахааргүй шаливхан хөдөлгөөнтэй, цоглог эмээг Н.Өлзийбаяр гэдэг. Хүүгийнхээ хамт эрчимжүүлсэн мал ажуй эрхэлдэг тэрбээр 1979 онд наймдугаар анги төгссөнөөс хойш хонь маллаж эхэлснээр малчин болох замналаа тавьжээ. Өдгөө 40 гаруй үнээ малладаг бөгөөд үүнээс 15 үнээг нь саадаг. Энэ их ажлын үр ач нараа харах зэргээр өдрийг завгүй бардаг ч хоёр га талбайд ногоон тэжээл тарина. “Өмнө нь худалдааны бэлэн өвс, тэжээлээр малаа тэжээдэг байлаа. Гэтэл дүүргээс газар олгож эхэлснээр гурав дахь жилдээ ногоон тэжээл тарьж байна. Сүүний гарц нэмэгдээд, мал тарга тэвээргээ алдахгүй, сайхан эд” юм гэх Н.Өлзийбаяр гуай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Нарийны хэсэгт насаараа амьдарчээ.

Хангай дэлхий цагаан дээлээ өмсөж, мөнгөн саагаар наадсан тэр нэгэн өдөр Н.Өлзийбаяр эмээтэй хуучлахын сацуу гурав дахь жилдээ “Алтан намар” баяраа тэмдэглэж буй малчидтай хэсэгхэн хором хөөрөлдөж, жаргал, зовлонг нь хуваалцах завшаан тохиосон нь энэ. Малчид зөвхөн мал маллах биш тариа, ногоо тарьж амьдрал ахуйдаа нэмэр оруулдаг гэдгийг тэр бүр олон иргэн мэддэггүй. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн 21 дүгээр хороонд эрчимжүүлсэн мал аж ахуй эрхэлдэг айл өрхүүдэд 0.7 га-гаас 2 хүртэлх га талбайг ногоон тэжээл тариалах чиглэлээр олгоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Хэл, хил, мал гуравтайгаа байхад монголчууд баян гэдэг сайхан үгний үнэ цэнэ алдагдаж, малаас халшрах нь олширсон өнөө үед хатуу бэрхийг үл ажирч яваа хүмүүс бол Н.Өлзийбаяр тэргүүтэй хүмүүс юм. Тэд 2017 оноос хойш ногоон тэжээл тарьж эхэлсэн бөгөөд “Алтан намар” наадмаа жилийн яг өдийд зохион байгуулж, аваргуудаа шалгаруулдаг уламжлалтай.

-Зөвхөн малаа маллаад амьдрах аргагүй-

Яг энэ үгийг “Алтан намар” наадмаа тэмдэглэж буй тариаланч малчид бүгдээрээ шахуу хэлсэн. Учир юу гэвээс өнөөгийн нийгэмд малын бэлчээр хомсдож, тэр хэрээрээ бэлчээрийн даац хэтэрсэн тул хадлан авах боломж бараг үгүй болсон. Энэ ч утгаараа нэг боодол өвс 5000 төгрөгөөс буурахаа байж, шуудай тэжээл 10 мянган төгрөг хүрэх нь холгүй болсон байна. Малын тэжээл ийн тэнгэрт хадах болсон бол бизнес эрхлэгчид малчдаас сүүг нь хямд өртөгөөр худалдан авахаар улайрах болжээ. Нэг үгээр хэлбэл, малчид нэг литр сүүгээ зуны улиралд 600-700 төгрөг, өвөлдөө 900-1000 төгрөгөөр сүү бэлтгэдэг хувийн үйлдвэрүүдэд өгдөг байна. Тэд энэ үнээр өгөхгүй гэх аргагүй. Учир нь хотод сүүгээ заръя гэхээр заавал тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Эсвэл хүнсний дэлгүүрүүтэй гэрээ хийж байж зарах учиртай. Гэтэл малчин өрх бүрт ийм хэмжээний чадал байхгүй. Тиймээс л сүүний үйлдвэрүүдэд бага үнээр аргагүйн эрхэнд өгдөг аж.

 

Хэрэв зээ, уншигч та санаж буй бол одоогоос 10 гаруй жилийн өмнө гэхэд нэг литр сүү 200-300 төгрөгөөр зарагддаг байсныг та мартаагүй байх. Гэтэл олон жилийн дараа ч малчдын хотхонд энэ үнэ бараг хэвээрээ шахуу байхад малын тэжээлийн үнэ хэд дахин өссөн нь зөвхөн мал маллаад амьдралаа залгуулах боломжгүйд хүргэсэн аж. Дээр нь малтай иргэдийн амьдардаг хэсэгт цахилгааны хүчдэл тааруугаас болж цахилгаан саалтуур битгий хэл ойр зуурын цахилгаан хэрэгсэл ч ашиглах боломж хязгаарлагдмал юм байна. Энэ талаар цахилгаан түгээх компанид олон удаа учирлаж хэлсэн ч малчдын үгийг одоо болтол тоож хэлэлцээгүй гэх. Үүнээс нь болж малчид үүрийн таван жингээр босож, олон тооны үнээг гараар саах гэж ядарч сууна. Ингэж махан биеэ зовоож байж саасан сүүгээ хямдхан худалдах нь мэдээж хэрэг тийм ч таатай бус. Дээр нь малын тэжээлээ хэт өндөр үнээр худалдаж авах нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзсэн учраас 21 дүгээр хорооны оршин суугчид дүүргийн удирдлагуудаа хүсэлт гаргажээ. Энэ нь малын ногоон тэжээлийг өөрсдөө тарих замаар өрхийн зардлаа хэмнэх. Азаар дүүргийн удирдлагууд уг хүсэлтийг нь хүлээн авч дүүргийн Газрын албатай хамтарч иргэдэд газар олгож эхэлжээ. Өдгөө тус дүүргийн хэмжээнд 220 өрх нийт 300 орчим га талбайд ногоон тэжээл тарьж байна. Тэд малаа маллаж, сүүгээ борлуулахын зэрэгцээ өөрсдийн тарьсан ногоон тэжээлээрээ малаа бордож байна. Тэд ингэж л зах зээлийн тэнцвэргүй байдал үүссэн нөхцөлийг өөрсдөдөө бага атугай ашигтайгаар эргүүлсэн нь энэ.

Гэхдээ тэдэнд дахиад нэг бэрхшээл бий аж. Энэ нь ногоон тэжээлийнхээ үрийг хар захын үнээр худалдаж авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэг шуудай үр 22-25 мянга гэж үзвэл, нэг га талбайд найман шуудай үр орно гэхээр 200 мянган төгрөг зарцуулдаг. Үүнээс гадна нэг га талбайг 250 мянган төгрөгөөр хагалуулдаг байна. Ингээд тооцвол нэг га талбайд 500 орчим мянга төгрөгийн зардал гаргадаг аж. Гэхдээ л энэ зардлаа бүрэн нөхөөд цаана нь ашигтай үлддэг гэхээр малчдад таалагдах нь дамжиггүй. Тиймээс л төрөөс эрчимжүүлсэн мал аж ахуйг дэмжиж байгаа юм бол ногоон тэжээлийн үрийг тариалан эрхлэгч малчдад татуу үнээр олгох нь зүйтэй мэт санагдав. Энэ тус дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Лхагвадорж “”Хүнд талх авах мөнгийг нь өгснөөс талх барих аргыг нь зааж өг” гэдэг. Магадгүй дүүргээс малчдад бэлэн мөнгөөр тусалж болох байсан байх. Гэхдээ энэ нь амь аргацаасан арга учир ногоон тэжээлээ тариад өрхийн орлогоо бодитоор нэмэх боломжийг нь нээж өгөхөөр болсон. Тиймдээ ч Газрын албатай хамтарч газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаснаар малчид ногоон тэжээл тарьж эхлээд байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “СЭБОЦЭ” ХХК олон жилийн туршид ямар ч зөвшөөрөлгүйгээр хашаалж, ашиглаж ирсэн 100 га талбайг малчдад хувааж өгсөн. Цаашид энэ мэт ажлыг эрчимжүүлнэ. Ингэж байж малчдад бодит дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч

Б.ЛХАГВАДОРЖ: “СЭБОЦЭ” ХХК-ИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ ИРСЭН ГАЗРЫГ МАЛЧДАД ХУВААЖ ӨГСӨН

-Дүүргийн Газрын албанаас малтай иргэдэд ногоон тэжээл тарих зориулалтаар газар олгож байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд жишиг гэж болохуйц энэ ажлын үр дүнд хэчнээн өрх ногоон тэжээл тарьж, өрхийн орлогоо дээшлүүлж байна вэ?

-Сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа өрхийн амжиргааг дэмжих зорилгоор ногоон тэжээл тарих талбайг 2017 оноос олгож эхэлсэн. 2017 онд нийтдээ 100 орчим өрхөд олгосон. Газар олгохдоо газар эзэмших гэрчилгээ, гэрээг дүүргийн Тамгын газрын нэр дээр гаргаад иргэдэд 0.7 га-гаас 2 га хүртэлх талбайг олгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 225 өрхөд малын ногоон тэжээл тарих зориулалтаар 300 орчим га талбайг олгосон. Жишээлбэл, Партизан хэсэгт өнгөрсөн 2018 онд 100 га талбай олгосон. Энэ нь “СэБоЦэ” ХХК олон жилийн туршид зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж ирсэн талбайг иргэдэд хувааж өгсөн.  

-Цаашдаа ногоон тэжээл тариалах чиглэлээр хэчнээн га талбай олгох боломжтой юм бэ?

-Дүүргийн ИХТ-аар тухайн жилд олгох газрын хэмжээг баталдаг. Ингэхдээ иргэдээс санал аваад хаана, хэдэн га талбайг эзэмшүүлэх боломжтойг судалдаг. Үүний үндсэн дээр эрчимжсэн мал аж ахуйг дэмжих төрийн бодлогыг цогц хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

-Энэ жилийн хувьд ирэх 2020 онд хичнээн иргэн ногоон тэжээл тарих хүсэлтээ гаргасан бэ?

-Одоогоор 30 орчим иргэн хүсэлт гаргаад байна. Эдгээр малтай иргэдийн олонх нь Улаанбаатар хотын сууршлын бүсээс шилжиж ирсэн иргэд.

-Ногоон тэжээл тарьж байгаа газраа иргэд хэдэн жил ашиглах боломжтой юм бол?

-Газрын зөвшөөрлийн хувьд дүүргийн Тамгын газрын нэр дээр 15 жилийн хугацаатай гарсан. Иргэдэд бид нэг л шаардлага тавьдаг. Энэ нь газраа зөв зохистой, үр ашигтай ашигла гэдэг. Хэрвээ хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд хүсэлт гаргасан дараагийн иргэнд талбайг шилжүүлж өгөх замаар асуудлыг шийдэж байгаа. Нийт газар авсан иргэдийн 90 орчим хувь нь ногоон тэжээл тарьсан.

-Дүүргийн Тамгын газрын нэр дээр газрын зөвшөөрлийг гаргасан нь ямар учиртай юм бэ. Газрын наймаанаас болсон уу, эсвэл?

-Яг үнэндээ газрын наймаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс ийм шийдвэр гаргасан. 220 иргэнд 300 га талбайг шууд олгочихлоо гэхэд газрын наймаа болох байсан болов уу. Жишээлбэл, хоёр үнээтэй иргэн ногоон тэжээл тарих газраа 40 үнээтэй айлд хоёр үнээгээр зарчихлаа гэж бодъё. Өнөө 40 үнээтэй айл нь жил бүр ногоон тэжээл тариад нөгөө дөрвөн үнээтэй болсон айлд зарна биз дээ. Өөрсдөө ногоон тэжээл тариагүй айл жил бүр ногоон тэжээл худалдаж авах нь ойлгомжтой. Ингэх тоолондоо зарлага гаргасаар байгаад дөрвөн үнээ ч үгүй, газар ч үгүй болно. Яг ийм зүйл нийгэмд олон бий. Учир нь өвс, тэжээлийн үнэ ямар үнэтэй байгаа билээ. Ийм байхад малчдын ахуй амьдрал дээшлэхгүй. Тиймээс л нэг сая төгрөг өгөх бус өөрсдөө тариа тариад энэ нэг сая төгрөгийг олох боломжийг олгох үүднээс ийм арга хэмжээ авч байгаа юм. Энэ жилийн хувьд нэг талбайд ногоон тэжээл тарьсан айл 250 боодол тариа авсан байна. Үүнийг зах зээлийн ханшаар бодвол 2 сая орчим төгрөгийн тэжээл авсан байна.

-Нэг га талбайд хэдэн төгрөгийн зардал гаргах уу?

-Нэг га талбайд 400 орчим мянга төгрөг зарцуулдаг. Зардлаа хасахаар 1-1.5 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна шүү дээ. Хоёр га талбайгаас үүнээс хоёр дахин ашиг олох нь ойлгомжтой. Ингэхээр тухайн өрхөд бодит дэмжлэг болж байгаа юм.

Ногоон тэжээл нь байгалийн өвснөөс ашиг шимээрээ хэд дахин их байдаг. Учир нь улаанбуудай, вандуй, овъёос, эрдэншии зэрэг ашигт ургамлын үрээр тарьдаг. Ингэхээр малын тарга хүчийг алдуулахгүй, сүүний гарцыг нэмэгдүүлдэг.  

Ингээд “Алтан намар”-аа тэмдэглэж буй малчдаас дараах тодруулгыг авснаа хүргэе.

 

МАЛЧИН Т.ГАНСҮХ: МАЛАА Ч МАЛЛААД, ТАРИАГАА Ч

ТАРИАД БАЙЖ БОЛОХ ЮМ БАЙНА

-Өмнө нь бэлэн өвс, тэжээл худалдаж аваад малаа тэжээдэг байсан. Тэгвэл одоо өөрсдийнхөө тарьсан тариагаар малаа тэжээх гэж байна. Ямар санагдаж байна вэ?

-Хэлэхийн аргагүй сайхан санагддаг юм байна. Энэ эрчээрээ тариа тариад, малаа тэжээгээд байвал сүүний гарц нэмэгдэх төлөвтэй байна. Сүүний гарц нэмэгдвэл малчид бидний ахиу амьдрал дээшлэх нь лавтай шүү дээ. Мал маллаад амьдрах боломж бүрэн бий гэдэгт улам итгэж байна.

-Ногоон тэжээл тарьснаар өвс худалдаж авах зардлаасаа хэдэн төгрөг хэмнэж чадсан бэ?

-Манай нэг га талбайд ногоон тэжээл тарьсан. Үүнээсээ нэг сая төгрөгийн ашиг оллоо. Ингэхээр нэг сая төгрөгийн зардал хэмнэсэн гэсэн үг. Одоо 500 мянган төгрөгөөр 100 боодол өвс худалдаж авсан байхад өвлийг давчих болов уу гэж бодож байна.

-Ногоон тэжээл тариалахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Үр худалдаж авах, газар хаглуулахад жаахан зардал гарч байна. Түүнээс биш ажиллагаа гээд байх зүйл байхгүй юм билээ.

-Цаашдаа газрын хэмжээг чинь томсгож өгвөл тариа тариад байж чадахаар юм байна уу?

-Чадахаар барах уу. Малчид бид саасан сүүгээ маш хямдхан өгдөг юм шүү дээ. Нэг литрийн савалгаатай сүү дэлгүүрт 2700 орчим төгрөгөөр борлуулдаг. Гэтэл малчид нэг литр сүүгээ зундаа 600-700 төгрөг, өвөлдөө 1000 орчим төгрөгөөр худалддаг. Үүнээс олсон ашигаа мал тэжээх зардалдаа өгчихөөр малын тэжээлээ худалдаж авах нь битгий хэл хоол унд авах мөнгө үлддэггүй юм. Гэтэл өөрсдөө тэжээлээ тариад малаа бордохоор эдийн засгийн хувьд бодит дэмжлэг болж байна шүү дээ.

-Ногоон тэжээлийг үнээнд сүү оруулдаг гэдэг юм билээ. Та өнгөрсөн өвөл ногоон тэжээлээр үнээгээ тэжээж үзсэн үү?

-Үзсэн. Гэхдээ манайх 2018 оны хавар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооноос нүүж ирсэн. Энэ утгаараа тухайн жилийн газар төлөвлөлтөд хамрагдаж чадаагүй болохоор ногоон тэжээл тарьж чадаагүй. Тиймээс айлуудын тарьсан талбайн хаягдлыг цуглуулж, малдаа өгсөн. Үнэхээр сүү оруулдаг юм билээ.  

 

ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ГАНТӨР: АЙЛ ӨРХ БҮРТ ДЭМЖЛЭГ БОЛСОН САЙН АЖИЛ БОЛЛОО

-Нарийны хэсэгт ногоон тэжээлийг хэчнээн өрх тарьж байна вэ?

-Манай Нарийны хэсэг нь Улаанбаатар хотын хамгийн хойд зах. Нийт 130 өрх байдгаас 80 орчим өрх нийт 140-өөд га талбайд тариалалт хийж, 830 орчим тн ногоон тэжээл бэлтгэж авлаа. 2017 оноос дүүргийн Газрын алба ногоон тэжээл тарих газар олгож эхэлсэн. Ингэхдээ 10-аас доош малтай айлд 0.7 га, 30 хүртэлх бол 1.5 га, түүнээс дээш бол хоёр га талбай олгох зэргээр өрхүүдээ дэмжиж ажиллаж байна.

-Тариа тарьж эхэлснээс хойш ажлын байр хэр их нэмэгдэв үү?

-Нэмэгдэлгүй яах вэ. Жишээлбэл, хоёр га талбайд ногоон тэжээл тарьдаг айл 900 орчим мянган төгрөгийн зардал гаргаад 600 орчим боодол ногоон тэжээл авлаа гэж үзье. Зах зээлд нэг боодол ногоон тэжээл 6000-7000 төгрөг. Ингэхээр дөрөв орчим сая төгрөг гэхээр зардлаа хасахаар гурван сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна гэсэн үг. Үнээний фермер эрхлээд олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж байгаа өрхөд энэ бол их том орлого.

-Ногоон тэжээлийнхээ талбайг яаж хамгаалдаг юм бэ. Айл өрх бүр тусдаа хашаагаа барьдаг уу?

-Нэгдсэн шугмаар хашаалдаг. Хаврын улиралд бөөнөөрөө очоод засвар үйлчилгээгээ хийчихнэ. Тор эвдэрсэн бол хэний эзэмшлийн талбайн тор байна вэ гэдгээ хараад хэлнэ. Тэр хүн нь боломж бололцоогүй бол бусад нь хамжиж дэмжээд засчихна. Ерөөсөө л багийн тоглолт юм л даа. Манай энэ хэсэгт үйлдвэр алга, төсвийн хөрөнгөөр санхүүждэг аж ахуйн нэгж алга. Ийм байхад хоёр гараа хөдөлгөж, амьдралаа залгуулахаас өөр аргагүй шүү дээ.

-Малтай иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлсэн. Танай энэ хэсэгт хэчнээн өрх шилжиж ирсэн бэ?

-Дүүргийн Газрын албанаас 120 орчим өрхийн газрын төлөвлөлт хийж, зургийг нь бэлэн болгосон. Ингэхдээ малтай иргэдээс Ногоон толгой, Нарийнхы хэсгийн аль нэгийг нь сонгуулсан юс билээ. Ингэхэд манай хэсгийг 40 орчим өрх сонгож, нүүж ирсэн. Одоо бүгдээрээ шахуу ногоон тэжээл тарьж байна. Хотод амьдарснаас илүү боломжтой, таатай орчин байна гээд бүгд сэтгэл хангалуун байна.

 

МАЛЧИН н.ТӨГС-ЭРДЭНЭ: ТОГНЫ ХҮЧДЭЛИЙГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

-Ногоон тэжээл тарих нь иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чадаж байна уу?

-Чадалгүй яах бэ. Олон жилийн өмнөөс ингэж зохион байгуулсан бол манай энэ хэсгийн малчдын амьдрал улам дээшилсэн байх болов уу. Манай гэр бүлийн хувьд саадаг 40 гаруй үнээ, сувайтайгаа нийлэх юм бол 70 гаруй үнээ байна. Ийм олон үнээний өвс бэлдэхэд маш их мөнгө орно шүү дээ. Гэтэл хоёр га талбайд ногоон тэжээл тарих болсноос хойш энэ жилийн хувьд гэхэд гурван сая төгрөг хэмнэчихлээ.

-Ийм олон үнээг цахилгаан саалтуураар саадаг уу?

-Яалаа гэж дээ. Манай Ногоон толгой, Нарийны хэсэгт фермертэй өрхүүд амьдардаг. Төрөөс, дүүргээс маш их дэмжиж байна. Гэтэл цахилгааны хүч маш муу байна. Бүхэл бүтэн 40 үнээг өдөр бүр гараар саахаар маш их ядардаг. Гэлээ гээд яах юм бэ. Саахгүй орхиж болохгүй биз дээ. Уг нь тогны хүчдэлийг нэмээд өгвөл хэрэгтэй л байх юм.

-Цахилгааны хүчдэлийг нэмэгдүүлэх тал дээр цахилгаан түгээхэд хандаж үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Зөвхөн манай энэ хэсгийнхэн ч биш. Ногоон толгой хэсгийн малчид хүртэл гарын үсэг цуглуулж өгсөн гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй л байна. Уг нь эрчимжүүлсэн мал аж ахуйг дэмжиж байгаа юм бол бодлогийн төвшнөө цогц хэлбэрээр авч үзэх ёстой байлтай.  

-Тариа тарихад хэр их ажиллагаатай байна вэ?

-Бараг ажиллагаа гэх юм байхгүй. Хавар трактор хөлслөөд газраа хагалуулчихна. Үрээ суулгасан байхад намар болтол бараг мартана шүү дээ. Яахав, төвийн усалгаатай бол илүү их ургац хураах байх. Гэхдээ энэ жилийн хувьд хур бороо арвин байсан болоод тэр үү, сайхан ургац авлаа. Ёстой л нүдээ олсон ажил юм даа.

 

     Монгол Улс ардчилсан тогтолцоонд тэр цагаас хувийн өмчийг шүэх болсноор томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд цөөн хэдхэн хүний эрхшээлд орсон нь нууц биш. Яг ийм зарчмаар нийгмийн тэнцвэргүй байдлын илэрхийлэл мөн л газар эзэмших, өмчлөх тогтолцоон дээр гарч, эдийн засгийн аль  үр өгөөжтэй гэсэн газрыг эрх мэдэлтэй, эрх дархтай хүмүүс халааслах болоод удсан. Тэгвэл газрыг баячуудад бус баялаг бүтээгчид ашиглаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож замаар ахуй амьдралаа дээшлүүлэх ёстой гэсэн зарчмыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс эхлүүлсэн нь энэ. Энэ сайхан жишиг тогтолцоог улс даяараа хэрэгжүүлж чадвал, газар хэмээх баялаг цөөхөн хүний халааснаас халаас дамждаг бурайнгуй тогтолцоо багатугай устах боломжтой билээ.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    10 цаг 19 мин
  • Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нүүрсний оффтейк гэрээг нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой
    10 цаг 27 мин
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
    12 цаг 40 мин
  • Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-т Засгийн газрын хуралдаанаар шийдсэн автомашин, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    12 цаг 45 мин
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
    13 цаг 4 мин
  • Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ
    14 цаг 5 мин
  • Богдхан уулын дугуй цагаан дээрх “Хангарьд”-ын хөшөөг шинэчиллээ
    14 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
    15 цаг 6 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ
    17 цаг 41 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганаар "2026 оны төсөв"-ийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
    18 цаг 8 мин
  • Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна
    18 цаг 16 мин
  • Шинзо Абэ агсныг хөнөөсөн этгээдийн шүүх хурлын тов гарчээ
    18 цаг 29 мин
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
    18 цаг 36 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр: Бусан Улаанбаатар хотууд бизнесийн хамтын ажиллагаатай корпорац байгуулах боломжтой
    18 цаг 42 мин
  • Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр тохиож байна
    18 цаг 47 мин
  • Улаанбаатарт 13 хэм дулаан байна
    19 цаг 6 мин
  • Бор тээг. Хар будаг
    Уржигдар 19 цаг 25 мин
  • Азийн 13 дахь “Про боно” чуулга уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
    Уржигдар 17 цаг 11 мин
  • Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг "Сод Монгол"-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Teachers day: Багшдаа баярын мэндчилгээ болгон ДАЙХ шүлгүүд
  • Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа Санае Такайчи гэж хэн бэ?
  • Маргаашаас худалдаалах ХАГАС КОКСОН түлшний тухай 10 баримт
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
  • О.Бат-Оргил: Миний сонгосон зам учраас жолоогоо барихад л аз жаргалыг мэдэрдэг
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
  • Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
  • 24 ФОТО: Сүхбаатар дүүргийн багш нарын баярын хурал боллоо
  • Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
  • Цэцийн дарга Г.Баясгалангийн шүүгээнд хав дарагдсан УИХ-ын гишүүдийн “хэрэг”
  • ФОТО: Боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан багш нар Сүхбаатарын талбайд суулт хийлээ
  • УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг COP17 хурлын Тусгай элчээр томиллоо
  • Г.Батцэнгэл: Улстөржих бүртээ уул уурхайн салбар, хувийн хэвшлээ хэмлэх хэрэг байна уу?!
  • Угаартсан үед ХЭРХЭХ вэ?
  • Олон улсын Санхүүгийн корпорац Голомт банканд 160 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Х.Нямбаатар: Барилгын компаниуд шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
  • Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүйг баримтууд баталж байна
  • Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
  • MCS групп мэдэгдэл гаргажээ
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
  • “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Ж.Золжаргал: Хятад Улсын татвар, хятад компанийн олсон ашгийн дүнд Монголын уурхай нэмэлт татвар төлж ирсэн гэдгээрээ логик зөрчилтэй, шударга бус байсан
  • Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга аа, өөрийнхөө хийсэн оффтейк гэрээнүүдээ өөрөө тайлбарлаарай
  • ФОТО: Боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан багш нар Сүхбаатарын талбайд суулт хийлээ
  • Г.Батцэнгэл: Улстөржих бүртээ уул уурхайн салбар, хувийн хэвшлээ хэмлэх хэрэг байна уу?!
  • Маргаашаас худалдаалах ХАГАС КОКСОН түлшний тухай 10 баримт
  • Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа Санае Такайчи гэж хэн бэ?
  • Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө
  • “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа боллоо
  • 24 ФОТО: Сүхбаатар дүүргийн багш нарын баярын хурал боллоо
  • Угаартсан үед ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүн Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг COP17 хурлын Тусгай элчээр томиллоо
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
  • Б.Жавхлан: Төрийн сан хоосроогүй
24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Нийт шүүгчийн III чуулган"-д хэлсэн 24 эшлэл
  • Дэлхий нийтийн үзэн ядалтын бай болоод буй Изриал улсын тухай 24 баримт
  • Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа Санае Такайчи гэж хэн бэ?
  • Маргаашаас худалдаалах ХАГАС КОКСОН түлшний тухай 10 баримт
  • Манай Улсад айлчилж буй Туркийн батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК