
Монголын хөрөнгийн бирж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Т+3 төлбөр тооцооны горимд шилжсэнээр арилжаа хийгдсэн өдрөөс хойш 3 хоногийн дараа худалдан авсан болон худалдсан талуудын хооронд төлбөр шилжинэ. Ингэснээр үнэт цаасны өмчлөх эрх харилцан шилждэг байна.
Жишээлбэл, Даваа гарагт үнэт цаас худалдаж авсан тохиолдолд 3 хоногийн дараа буюу Пүрэв гарагт төлбөрийн болон үнэт цаасны гүйлгээ хийгдсэн байх юм.
Т+3 төлбөрийн систем нь зах зээлийн хөрвөх чадварыг өсгөхөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой гэж Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны арилжааны шинэ журамтай тус биржийн албан ёсны сайт болох www.mse.mn руу танилцаж болно. Мөн үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн төлбөр тооцооны журмыг www.schcd.mn сайтаас авах боломжтой.