38 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу "Номын баяр" эхэллээ. Тодруулбал, номын баяр есдүгээр сарын 19-нөөс 21-нийг дуустал буюу гурван өдрийн турш зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн баярыг “Номын ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой хамтатган, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна.
Номын баярт дотоодын зохиолч, хэвлэлийн газруудын зэрэгцээ Казахстан, Франц, Турк, ОХУ, БНХАУ-ын Өвөр Монгол, БНСУ зэрэг орны төлөөлөл оролцохоор болжээ. Мөн шинэ бүтээлийн нээлт, зохиолч уншигчдын уулзалт, хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнүүд өрнөх аж.