Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхаарлыг татсан нэгэн үйл явдал ОХУ-ын Уфа хотноо болж өнгөрөв. Тус хотод дэлхийн 14 улсын төр Засгийн тэргүүн цуглаж тулгамдсан асуудлуудаа ярилцсан юм. Энэ өдрүүдэд БРИКС-ийн удирдагчдын уулзалт болсноос гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт болов. Энэ удаагийн ШХАБ-ын уулзалт урьд урьдны жилүүдийнхээс онцлогтой болсон нь Энэхтэг, Пакистаныг өөртөө элсүүлэх шийдвэрийг баталсантай холбоотой. Тус эвсэл нь 2001 онд байгуулагдсанаасаа хойш үндсэн гишүүнийхээ тоог нэмээгүй байсан юм. Тэгвэл энэ удаа Энэтхэг, Пакистаныг жинхэнэ гишүүнээр бүртгэж хүрээгээ тэлж байгаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Тус хоёр улсын хувьд манайхтай адил ажиглагч гишүүнээр олон жил явж ирсэн. Харин энэ удаа жинхэнэ гишүүнээр элсэхээр болж буйг дэлхийн хэвлэлүүд геополитиктэй холбон тайлбарлаж байна.
ШХАБ нь Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргизстан болон Узбекистан гэсэн үндсэн зургаан гишүүнтэй, Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан гэсэн ажиглагч улсуудтай, Беларусь, Турк болон Шри-Ланк гэсэн яриа хэлэлцээний түншүүдтэй улс төр, эдийн засаг болон цэргийн эвсэл билээ. ШХАБ-д багтаж байгаа орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх газар нутгийн 60 хувийг эзэлж байна. ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь нэг тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна.
Сүүлийн жилүүдэд манай улсыг тус эвслийн үндсэн гишүүн болох гэж байна гэх мэдээллүүд гарах болсон. Тэгвэл манай орны хувьд уг эвсэлд элсэх сонирхолгүй байгаа бөгөөд одоохондоо ажиглагч байхад хангалттай гэх мэдээллийг албаныхан өгч байна. Энэ нь ч манай улс төр, эдийн засгийн онцлогт тохирсон шийдвэр аж. Монгол бол АНУ-тай нөхөрсөг харилцаатай байж тус улсыг гуравдагч хөршөө гэж үздэг. Тийм байхад Европын эсрэг бодлого хэрэгжүүлэгч Орос, Хятадын нөлөө их энэ эвсэлд үндсэн гишүүнээр элсэж орвол эдийн засаг, геополитикийн хувьд хумигдмал байдалд орж мэднэ. Цаашилбал, Монгол тус хоёр улсын нөлөөнд хэт орж бие даасан өөрийн шийдвэрийг гаргаж чадахгүй байдалд орж мэдэхээр байгаа юм. Энэ мэт шалтгаануудаас үүдэн ажиглагч гэсэн статустайгаа байхад хангалттай гэж буй. ШХАБ-ын зүгээс манайхыг үндсэн гишүүнээр орохыг нилээн эрчимтэй шахаж ирсэн бол энэ жилээс хандлага нь арай өөр болсон байна.
БРИКС болон ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалт боллоо. Хоёр хөршийнхөө тэргүүн нартай нэг ширээний ард зэрэгцэн сууж асуудлаа ярилцаж суухыг бүтэхгүй мөрөөдөл хэмээн боддог байсан цаг ард хоцорсоныг бататгасан нэг жишээ бол энэ. Ц.Элбэгдорж, В.В.Путин, Си Зиньпин нарын анхны уулзалт өнгөрсөн онд Тажикстан улсад болсон. Харин энэ удаа УФА хотод болж гурван тал хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглалуудыг баталлаа. Ирэх жил ч уг уулзалт болно. Тэгэхдээ АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатарт болох магадлал тун өндөр байгаа юм. Ямартай ч манай улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн уулзалт амжилттай үргэлжилж байна. Дашрамд дурдахад, уг уулзалтын үеэр яригдах яриаг нээлттэй биш хаалттай явуулах саналыг Орос, Хятадын талаас гаргаж байсан ч манай талаас болиулсан гэдэг. Тодруулбал, манай улсын зүгээс “Монгол бол нээлттэй улс. Бид энд ярьсан зүйлээ ард түмэндээ очиж тайлбарладаг. Тиймээс нээлттэй ярилцъя” гэх саналыг хэлж уг уулзалтыг нээлттэй явуулдаг болжээ. Энэ ч үүднээс уг уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.
УФА-д болсон энэ удаагийн уулзалтын үеэр манай талаас гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд төслийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий СУДАЛГААНЫ ТӨВИЙГ УЛААНБААТАР ХОТОД БАЙГУУЛАХ САНАЛЫГ ТАВИВ.
Мөн МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДУНД ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ЗАМЫН ЗУРАГЛАЛЫГ БАТАЛЛАА. Уг зураглалд тусгасан зүйлүүдийг таван жилийн дотор хэрэгжүүлнэ гэж буй.
Энэ нь гурван улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиглэлээр хөгжүүлэх хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлсон чухал зураглал юм. Монголын талын хүсэлтээр уг замын зураглалд гол төлөв худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тодорхой тусгаж, манай хөрш орнуудын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэх, улмаар Монгол-Орос-Хятадын төмөр замын тээвэр логистикийн компани байгуулах боломжийг судлахаар тусгажээ. Орос, Хятадыг холбосон замаас манайх ч бас ашиг хүртэхийн тулд эхлүүлж буй ажлын эхлэл энэ болж байна.
ТОДРУУЛБАЛ,
-Евроазийн эдийн засгийн холбоо, Торгоны замын эдийн засгийн бүс болон Талын зам санаачлагыг нэгтгэн уялдуулах хэлбэрээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорт хамтран ажиллах хөтөлбөрийг боловсруулах.
-Талуудын гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх ажлын хүрээнд түүний дотор талуудын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллагын хооронд хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлыг хэлэлцэх.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт шинэ төмөр зам байгуулах төсөл, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх зэрэг асуудалд талуудын санхүү, техник хамтын оролцооны асуудлыг судлах.
-Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ боловсруулах. Тэр дундаа Монгол, Орос, Хятадын төмөр замын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах боломжийг судлах.
-Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх тухай талуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулан гарын үсэг зурах ажлыг НҮБ-ын ЭСКАТО-гийн хүрээнд үргэлжлүүлэх.
-Улаанбаатар хотын Хөшигтийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв байгуулах боломжийг судлах.
-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу газрын тосны хоолой барих тухай тодорхой саналууд бүрдэж, энэхүү төслийг хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар харилцан зөвшилцөлд хүрсэн тохиолдолд талууд техник эдийн засгийн үндэслэл боловсруулж эхэлнэ.
-Банк хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тухайлбал, худалдааны санхүүжилт, зээл, тооцооны зохион байгуулалтыг төгөлдөржүүлэх хэлбэрээр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих.
-Даатгалын салбарын хамтын ажиллагааг дэмжих.
-Дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх гэж тусгайлан заасан юм.
Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийх ажлуудад дараах зүйлийг тусгажээ. Үүнд тусгасан ажлуудыг ажил хэрэг болгохын тулд хоёр сарын дараанаас судалгааг нь хийж эхлэх юм байна.
ҮҮНД:
-Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор “Их цайны зам” олон улсын аялал жуулчлалын чиглэл байгуулах асуудлаарх тусгай ажлын хэсэг байгуулах.
-Байгаль /Орос/, Хөвсгөл /Монгол/ хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, цаашид БНХАУ-ын хил орчмын бүс нутаг болон “Талын торгоны зам” төсөлтэй холбох.
-Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны Орос, Хятад, Монголын Зохицуулах зөвлөлийн хуралдааныг жил бүр зохион байгуулах санаачлагыг дэмжих зэрэг асуудлууд багтаад байна.
ДЭЭРХ АЖЛУУДЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР НЬ БОЛСОН НЬ УГ УУЛЗАЛТЫН ГОЛ ҮР ДҮН БОЛОВ.
Тэд уулзалтаараа чухам юу ярьсаныг товчлон хүргэе. Манай зүгээс саналаа маш тодорхой тавьсаныг доорх ярианаас харж болно.
Ц.ЭЛБЭГДОРЖ: Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах саналтай байна
-Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ. Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр -Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд болон ирэх есдүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд урьсанд талархал илэрхийлье.
Ирэх есдүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна.
Үүнд:
“Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.
“Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/.
Гурван талын тээвэр-логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.
Үүнд:
Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно.
Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох.
Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.
Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.
Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.
Ирэх 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авна. Энэ үеэр Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович, Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна.
СИ ЗИНЬПИН: Гурван улсын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна
- Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах юм. Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт юм. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичгүүдэд би сэтгэл ханамжтай байдаг. Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол улсууд хөрш бөгөөд стратегийн түнш юм. Гурван талын хамтын ажиллагаа явуулах сайн үндэс их боломжтой гэж үздэг. Бид стратегийн болон гурван талын бүхий л салбарын хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой. Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой...
Эдийн засгийн хамтын ажиллагаа болоод гурван талын хамтын ажиллагаа нь түлхүү чухал салбар юм. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнасан төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна. Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно.
Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна.
В.В. Путин: Энэ уулзалт зөв чиглэлд хийгдсэн
-Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм. Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчлэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн. Гурван талт уулзалтаар түнш бүрийн сонирхлыг харгалзан үзнэ гэдэг нь хоёр талын яриа хэлэлцээ хийхээс төвөгтэй боловч ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг. Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон. Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол тодорхой үр дүн.
Т.Хулан
Сэтгэгдэл (9)