УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийх үеэр “Сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн хүнийг сайдаар томилох шаардлагатай” хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байна хэмээн үзэж, яамдыг эмхлэн байгуулах шаардлагатай гэж үзлээ. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байна. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр зээл барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаанд харлаа” гэв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгоход чиглэж байна. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа.Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлж байна. Ерөнхий сайд энэ сард Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандана” гэсэн юм.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайдын ажлыг хийж байгааг буруушаагаад, "Чоно борооноор гэдэг шиг Дубайн гэрээг баталгаажуулах асуудлыг С.Баярцогт хийж байна. Хэрэв түүнийг огцруулах асуудал орж ирвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Тийм учраас сайд нарыг яаралтай томилох хэрэгтэй. Үүний цаагуур хулгай яваад байна шүү" гэлээ.
Т.Хулан