УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хууль нь 7 зүйлтэй бөгөөд УИХ-ын хариуцлагын тогтолцоог өндөржүүлэхэд чиглэж байгаа юм. Хуулийн төсөлд УИХ-ын захиалгаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгэдэг болох, нэгдсэн хуралдаанд сайд нар тогтоосон суудалд суух бөгөөд Засгийн газрын гишүүн тусгайлан зассан индэрт гарч асуултад хариулж, тайлбар хийдэг болох, тогтсон цагт санал хураалт явуулж байх, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудал, тов, дарааллыг нам, эвслийн бүлэг байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг дагаж мөрдөх зэрэг асуудлыг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд үгээ хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Сайд нарт тусгай суудал гаргаж байгааг дэмжиж байна. Энэ хуулиа нэлээн чамбайруулах шаардлагатай” гэсэн юм. Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг олонх дэмжсэнгүй.