Засгийн газар өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдсан байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж тодорхой саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтсон байна. Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн төсөл санаачлагчдын хувьд төслөө УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Товчхондоо УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг баталсны дараа Сонгуулийн хуулийг өөрчлөхөд анхаарч, шинэ он гарахаас урьдаж хэлэлцэн шийдвэрлэж магадгүй болжээ.
Т.Энхэлээ