Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан талаар манай сайт цаг алдалгүй мэдээлж байсан.
Уг асуудлаас үүдэж тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, орны хүнийг нь томилох нь ээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ийнхэний дунд Эрүүл мэнд, спортын сайдын төлөөх марафон хэдийнэ эхэлжээ. Тус салбарыг удирдах хүсэлтэй эрхэмүүд нэлээд олон байгаа аж.
Тухайлбал МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Гэмтэл согог судлалын үндсэний төвийн захирал асан С.Жамбалжав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын нэр яригдаж байгаа юм байна.
Сайд асан Н.Удвал нь тухайн салбарыг удирдаж байсан туршлагатай нэгэн ч тухайн үедээ албан үүргээ нэр төртэй хашаагүй нэлээд асуудал дагуулж байсан гэх шалтгаантай учир намынхан нь дэмжихгүй байгаа сурагтай.
Харин засаг болгоноос бялуу хүртэж чаддагүй О.Баасанхүүгийн нэр салбарын сайдад яригдаж байгаа ч намын даргатайгаа таарамжгүй байгаа учир мөн л энэ удаа сайдын суудалд сууж чадахгүй бололтой.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэрийг Эрүүл мэнд спортын сайд суудалд зүтгүүлэхээр намын нөхөд нь санал нэгтэй дэмжжээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)