Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Энэ үеэр Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Үүнд, бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжлээ. МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг мөн дэмжив. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт дэмжигдлээ.
Харин Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвийг 200 сая төгрөг хасах саналыг гишүүд дэмжлээ.
Үүний дараа МАН-ын бүлгийн гишүүд саналаа хэлж чадахгүй байна хэмээн ундууцаж ажлын тав хоногийн завсарлага авахыг хүсэв. Харин УИХ-ын дарга Төсвийн тухай хуулийг зөрчих гээд байгаа учир нэг цагийн завсарлага өглөө.
Т.Энхэлээ