Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт маргааш өглөөний 10.00 цагаас орос хэлний шалгалтаар эхэлнэ. Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч, 10 хичээлийн 182142 шалгалтыг өгөх гэнэ. Шалгуулагчдын шалгалтын байр, анги танхим хаана сууж шалгалт өгөх талаарх мэдээллийг агуулсан суудлын хуваарь бүхий “шар хуудас” сурагчдад тараагддаг. Энэхүү “шар хуудас”-аа авахдаа ЕБС төгссөн шалгуулагч төгсөж буй сургуулиасаа, харин өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөхөхөөр сонгож бүртгүүлсэн харьяа газраасаа очиж авах аж. Шалгалт өгөхөөр ирэхдээ, бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/ , Суудлын хуваарь бүхий шар хуудас, Бүрэн дунд боловсролын үнэмлэх мөн иргэний үнэмлэхтэй ирсэн байна.
Түүнчлэн шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай гэж заасан бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх юм.
Д.Ундрах




















































