
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайд өнөөдрийн хурлаар тахимын сайд нарт 2025 оны төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан үүрэг өглөө. Төсвийн орлого бүрдүүлэлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн зардлаа эрэмбэлж ажиллахыг даалгалаа. Түүнчлэн, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж "Шинэ жил болон бусад баярыг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг сэлт худалдан авахгүй байх, тэвчиж болох бүх зардлыг танах" үүрэг өгсөн.Сүүлийн саруудын төсвийн орлого бүрдүүлэлтийг харахад төсвийн орлого оны эцэс гэхэд 2.3 их наядаар тасарч болзошгүй байна. Төсвийн орлого тасарч байгаа нь гурван шалтгаантай.Нэгдүгээрт, нүүрсний үнэ 50 хувиар буурсан.Хоёрдугаарт, импортын хувь хэмжээ буурсан.Гуравдугаарт, АН-ын бүлэг татварын өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр эргэлзээ үүссэн. Татварын өртэй аж ахуйн нэгжүүд өрөө төлөхгүй хойшлуулах байдал үүсэж байна.Цалин, тэтгэвэр тэтгэмжийн санхүүжилтэд асуудал үүсэхгүй. Өчигдрийн байдлаар Төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд байна. Төрийн сангийн данс улайсан гэдэг бол ташаа мэдээлэл" гэлээ.






















































