
Тээврийн цагдаагийн алба өнөөдрөөс хэрэгжүүлэхээр олон нийтэд зарласан тээврийн хэрэгслийг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цуцлах чиглэл өгчээ.
Тэрбээр “Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад:- Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгсөн” гэв.
Ингэснээр Тээврийн цагдаагийн газрын шийдвэр өнөөдөр хэрэгжихгүй, ердийнхөөрөө буюу 1.6 дугаараар төгссөн улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
Л.Баяр




















































