МАН-аас УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа нэр дэвшигчийн эрхийн үнэмлэхээ гардан авч сурталчилгааны ажлаа эхлүүллээ. Нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваа нь Дархан нутгийнхаа хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын олон ажил хийж Дарханчууддаа нэгэнт танил болсон тулхтай улс төрч хэмээн иргэд сонгогчид нь түүнийг үнэлж байлаа. Мөн Дархан-Уул аймгаас анх удаа Монгол Улсын Сангийн сайд төрөн гарсан нь Д.Хаянхярваа. Төрийн сан хөмрөгийг захиран зарцуулж улсын тэргүүн санхүүч болсон Д.Хаянхярваагаар Дарханчууд бахархаж байгааг сурталчилгааны нээлтэд оролцож буй иргэд хэлж байсан юм.
Нэр дэвшигч Д.Хаянхярваа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр “Амьдралынхаа 26 жилийг Дархан хотдоо, Дарханчуудтайгаа хамт өнгөрүүлж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн ажиллаж ирсэн. Иргэд сонгогчдынхоо итгэлээр УИХ-ын гишүүн болж төр ард түмний гүүр болж байдгаа нэр төрийн хэрэг гэж боддог. Манай нам болон мянга мянган гишүүд дэмжигчид маань надад итгэл хүлээлгэн УИХ-ын сонгуульд дахин дэвшүүллээ. Тиймээс Дарханчуудынхаа итгэлийг дааж бүтээснээсээ илүүг бүтээх болно” гэж хэллээ.





















































