Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 намын удирдлагууд өчигдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Энэ тухайгаа тэдгээр намын удирдлагууд хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлсэн юм. Тэд өмнө нь энэ сарын 9-нд Сонгуулийн хуулийг нэн даруй хэлэлцүүлэхийг шаардсан албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн ч албан ёсны хариулт аваагүй гэнэ. Тиймээс энэ удаа таван үндэслэл бүхий шаардлага хүргүүлж, энэ сарын 18-ны дотор хариу өгөхийг хүсэв. Шаардлагад дурьдсанаар сонгуулийн автоматжуулсан систем ашиглах шийдвэр гаргахад улс төрийн намуудын зөвшилцлийг хангаж, зайлшгүй хэрэглэх тохиолдолд гараар давхар тоолж, камерын бичлэгээр баталгаажуулах ёстой. Мөн “АНУ-ын “Доминион войтинг системс”, “Microsoft” компани эрхийг нь эзэмшдэг хар машины программыг хянах эх кодыг авч, улс төрийн намуудад өгөхийг шаардаж буй аж. Түүнчлэн шаардлагад сонгуулийн автоматжуулсан системд 16 тэрбум төгрөгийн үрэлгэн зардал гаргаж байгааг зогсоо гэжээ. Үүнээс гадна сүүлийн үед АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны есдүгээр сард зохион байгуулж болох санаа цухалзуулж буйг эсэргүүцжээ. Ингэж УИХ-ын ээлжит сонгуулийн хугацааг хойшлуулах нь Үндсэн хууль зөрчинө гэсэн юм. Эдгээр шаардлагыг биелүүлж, 18-ны 10.00 цагаас өмнө хариу өгөхгүй бол улс төрийн намууд үндэсний хэмжээнд шаардах арга хэмжээ зохион байгуулна гэдгийг ч хэлж байлаа.