Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл (1)