Өнөөдөр Хуульзүйн байнгын хороогоор таван асуудал хэлэлцэх ёстой байсан ч эхний асуудлыг хэлэлцээд хуралдааныг хойшлууллаа. Энэ удаагийн хуралдаанд МАН-ын бүлгээс нэг ч гишүүн суусангүй. Харин АН-ын 9 гишүүн, дээр нь ”Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар гишүүн хуралдаандаа ирсэн тул ирц бүрдлээ.
Эхлээд Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр хуралдаанд суусан гишүүд 100 хувь санал нэгдлээ. Дараа нь Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уг асуудлаар авсан завсарлагын хугацаа хараахан дуусаагүй байгаа гэдгийг мэдэгдсэнээр хуралдаан 14.30 цаг хүртэл хойшлов. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг дээрх асуудлаар завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр /01.13/ 14.30 цагт дуусах аж.
Т.Энхэлээ