Чуулганы хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос хасч оронд нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг томилох тухай саналыг байнгын хорооноос оруулж ирснийг хэлэлцээд дэмжлээ. Ингэснээр Ц.Оюунгэрэл гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны гишүүн боллоо.
Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг чөлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 93.2 хувийн саналаар дэмжлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж саналаа хэлсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:- Нэг ийм байнгын хороо гарч ирчихээд асар өргөн цар хүрээтэй ажил явуулаад байна. Өргөдлийн байнгын хороог дангаар нь ажиллуулчихвал Монголын төр сайхан болчих юм шиг л яриад байна шүү. Ж.Батзандан ч их хийрхдэг. Энэ төрийн ажлыг ном дүрмийн дагуу явуулах. Хийрхгүй байх, хэм, хэмжээ хязгаарыг мэддэг байх ёстой. Эрх, үүргийнхээ хүрээд ажиллаарай.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:- түүний асуултад хариулахдаа "Хуулийн хүрээнд Өргөдлийн байнгын хороог идэвхтэй ажиллуулна. Идэвхтэй ажилласныг хийрхдэг гэж ярьж болохгүй. Хүмүүсийн төлөө гүйнэ" гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд:- О.Баасанхүү гишүүний хувьд бусад байнгын хорооны ажил руу хальтирч орсон зүйл бий. Тухайн үед нь ярилцаад эрх, үүргийнх нь дагуу ажиллуулахаар болсон. Гишүүдэд ирдэг олон өргөдлийг өмнөөс авч хариу өгдөг болсон нь их сайн. Эрхээ хэтрүүлж болохгүй.
Одоо чуулганы хуралдаанаар орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх болон хүүг нь бууруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)