УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн 62.7 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Уг хуулийн төсөлд намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож олон сонголттой гишүүнчлэлтэй байх, гишүүдийг компаничилж олноор нь элсүүлдгийг болиулж, нэг хүн зөвхөн нэг намд гишүүн байх, татвараа төлдөггүй гишүүдийг намаас хасах /ингэснээр одоогийн гишүүнчлэл 40 хувиар буурна гэж тооцжээ/, 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахгүй байх, намуудын данс шилэн болох, намын их хурал 90-ээс доошгүй гишүүнтэй байх, намын дэргэдэх байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллаа явуулж болохгүй, нам төрийн шагналтай адил нэртэй шагнал, одонтой байхыг хориглоно гэх зэрэг олон зарчмын өөрчлөлт орж байгааг ажлын хэсгээс танилцуулж байв. Харин гишүүдийн зүгээс уг зүйл заалтуудыг дэмжсэн болон шүүмжилсэн олон санал хэлж байлаа. Тухайлбал 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулж болохгүй гэсэн зохицуулалтыг нэлээд шүүмжлэв. Хэрэв энэ зохицуулалт хэрэгжвэл 100 суманд намын салбар нэгжгүй болох юм.
Т.Энхэлээ