Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр 17.00 цагт Төрийн ордноо товлогдсон ч хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Хуралдаанд ҮЗХ-ны 228 гишүүнээс 50 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн байна.
Хурал хойшлогдсон шалтгаан нь Ардчилсан намын “Кроун” “Нэг ардчилал”, “Алтангадас”, “МҮДН”, “Чандмань”, зэрэг фракциуд эсэргүүцэл зарласантай холбоотой аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрыг огцруулах асуудлаас болж зарим фракцууд эсэргүүцэл зарлаж ийнхүү ҮЗХ-гоо хуралдуулаагүй байна.
Хуралдаанд АН-ын дарга З.Энхболд болон ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар болоод УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Түвдэндорж, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, Хуульзүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр хүрэлцэн ирсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах, Үндэсний зөвлөлдөх хорооны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, ирэх 2016 оны сонгуульд ИЗНН болон МҮАН-тай нэгдэж оролцох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудалд хэрхэн байр суурь илэрхийлэх талаар тохиролцоог хийхээр төлөвлөж байсан аж.
Сэтгэгдэл (2)