Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирээд байна. Түүний айлчлал нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд буюу Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхана.
Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч ирээд байна. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулна.
Өнөөдөр хоёр орны Засгийн газрын тэргүүн нарын өртгөтгөсөн хэлэлцээ “Б” танхимд болох юм.
Т.Хулан