Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс эхэлж, УИХ-ын дарга З.Энхболдод бараалхсанаар үргэлжилсэн.
Унгарын Ерөнхий сайдтай хамт бизнес эрхлэгчид ирсэн бөгөөд тэд МҮХАҮТ-т зочилж, Унгарын өдөрлөг арга хэмжээнд оролцсон. Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, бизнес форум болсон билээ. Мөн Унгарын аж, ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганчаарчилсан уулзалтууд зохиох юм. Унгарын талаас аялал жуулчлал, химих цэвэрлэгээ, химийн бодис, автомашин цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү хөдөө аж, ахуй зэрэг нийт 40 гаруй аж, ахуйн нэгж оролцсон.
Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар мэдээлэл хийсэн юм. Хэлэлцээгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон. Уг айлчлалыг өндөр үр дүнтэй болж байна хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дүгнэж байна.