Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр /2016.01.27/ өргөн мэдүүллээ.
2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурал Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, тэдгээрийн төсөл боловсруулах, магадлан шалгах, хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд уг хууль хууль тогтоомжийн төслийн боловсруулалт, хууль тогтоомжийн чанар сайжрах, хууль тогтоомж хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.
Хууль тогтоомжийн тухай хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан аргачлалуудыг боловсруулж батлах шаардлагатай гэж үзэн хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (2)