УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн санал авах хугацааг тогтоолоо. Ингээд зургадугаар сарын 29-нд Сонгуулийг явуулахаар болов.
“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн юм. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгажээ. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжив.
Мөн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдлээ.
Т.Энхэлээ