Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд дөрвөн асуудал хэлэлцэхийг мэдэгдлээ.
Ингээд "Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Тус тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг санал дэмжигдлээ. Одоо нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ