Хуурай, сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай оронд газар тариалангийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл энэ эрсдлийг тооцож “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани тариалан эрхлэгчдийг даатгалд хамруулахаар болжээ. Эхний ээлжинд манай улсын газар тариалангийн бүтээгдэхүүний 60 хувийг дангаар эзэлдэг улаан буудайн даатгалыг хийх аж. Тухайн компанийн тооцоолсоор даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож үнээ гаргах бөгөөд ойролцоогоор нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгеөр даатгах юм. Даатгалын хураамж нь дээрх аймаг, сумдад эрсдэлийн түвшнээс шалгаалан 4-12 хувь байх аж. Энэ талаар “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван “Газар тариалан, хөдөө аж ахуйн салбар нь манай улсын стратегийн чухал ач холбогдолтой салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг дангаараа эзэлдэг. Манай улс байгаль, цаг уурын хувьд эрсдэлтэй газарзүйн байршилд оршдог учраас жилийн тариалан эрхлэх хугацаа богино. Тиймээс тухайн салбараа даатгалын тогтолцоогоор дамжуулж, эрсдэлээс хамгаалах нь чухал болоод байна. Туршилтын журмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Хүдэр сумдууд болон Төв аймгийн Цээл сумдад улаан буудайн даатгалыг хийхээр боллоо. Даатгуулагч 40 болон 50 хувийн хариуцлагын түвшнээс сонголт хийж даатгуулна. Өөрөөр хэлбэл даатгуулагчид учирсан эрсдэлийн 50 болон 60 хувь хүртэлх эрсдэлийг даатгагч өөрөө хариуцах юм. Харин даатгасан компани нь эрсдэлийг хүлээж авч сан үүсгээд сангаа давхар гадаадын даатгалын компанид даатгуулах юм. Ингэснээр тухайн даатгалын компаниас нөхөн төлбөр олгоно. Тариалан эрхлэгчдийн хувьд тухайн даатгалын гэрээнд хамрагдаж өөрийнхеө ургацыг даатгуулснаар учирч болзошгүй хохирлоос өөрийгөө урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Даатгалын хураамжийн хувь хэмжээний хувьд анхлан даатгуулж байгаа тариалан эрхлэгчдэд өндөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь эргээд ургац хураах үед дэмжлэг туслалцаа болно. Дараа жилийнхээ үрийг бэлтгэх, техник технологио шинэчлэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм болно” гэлээ. Энэ жил 406 мянган га-д улаан буудай тариална гэсэн төлөвлөгөөг ХХААЯ-аас гаргасан. Ирэх тавдугаар сарын эхээр тариалалт эхэлнэ.