Өнөөдөр нээлтээ хийж Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг хэлэлцэхээр товлоод буй ээлжит бус чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс болж хойшлогдсоор байна.
Одоогоор ирц дөнгөж 17.1 хувьтай байгаа юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдээлж УИХ-ын гишүүдийг танхимд ирэхийг санууллаа.
АН-ын бүлгийн 36 гишүүнээс 5 нь гадаад, нэг нь орон нутагт ажиллаж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг нь 26 гишүүнтэйгээс 8 нь гадаадад ажиллаж байгаа аж.
"Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдийн хувьд ихэнх нь Улаанбаатар хотод байгаа ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлгийнхээ гишүүдэд хандан, ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдалтай холбогдох хуулийн төсөл, мөн конвенцийг дэмжихгүй байхыг уриалсан юм.