Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл буюу Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжлээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж байна. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтаршилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон байна.
Гурвантэс суманд өнөөгийн байдлаар уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа учраас цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаагалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг нутгийн иргэд, байгаль хамгаалагч нар удаа дараа дарга нарт тавьж иржээ.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хуульчилжээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)