УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуульд заасан ажлуудыг хуулийн хугацаанд нь амжуулж зохион байгуулж байна. Тухайлбал, УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулаад байна.Сонгуулийн зардлын тухайд 16.4 тэрбум төгрөг гэж батлаж өгсөн. Энэ нь өмнөх сонгуулиас 400 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэв.
Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлахдаа “Энэ жилийн тухайд сонгогчдын тоо нэмэгдэж 2 сая болсон. Өмнөх сонгуулиар 1 сая 800 мянга байсан юм. Мөн өмнөх жилүүдэд ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, засварлах зайлшгүй шаардлага бий болоод байна” гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)