Органик хүнсний тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75.8 хувийн саналаар дэмжсэнээр Органик хүнсний тухай хууль батлагдлаа.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” -ийн бүлгээс “Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсанаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн тул УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан болохыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.12-т заасны дагуу үүгээр мэдэгдэж байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга нараас бүлэгтээ ирүүлсэн албан бичгийг хавсаргав.
Бүлгийн дарга Н.Батцэрэг” гэсэн албан бичиг ирүүлснийг уншиж сонсгов. Энэхүү албан бичгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор эдгээр гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсныг хуралдаан даргалагч мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.