УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр, Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ.Харин МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй хэмээн үзэж байгаа аж. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолыг хассанаас гадна Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан байгаа юм. Түүнчлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэтчилэн цол тэмдэгүүдийг хасч өөрчлөхийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Үүнээс гадна энэ долоо хоногт чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцэхээр заасан. Уг өөрчлөлтийн цаад утга нь аливаа асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан ч тухайн асуудлыг нь дахин хуулинд өөрчлөлт оруулах боломжтой болно. Харин ингэж дахин өөрчилсөн асуудлыг цэц дахин хэлэлцэх ямар ч боломжгүй болно хэмээн Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байхаа болино хэмээн үзэж байгаа аж. Улмаар Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийг зөрчиж буй асуудал үүснэ хэмээн үзсэн учраас МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа ажээ. Түүнчлэн отгон чуулганы үед заавал энэ асуудлыг хэлэлцэхээр оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдах гэсэн агуулгатай байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.
Т.Энхэлээ