Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хуулийн хугацаа энэ сард дуусгавар болно. Тодруулбал, “Нам эвсэл нь УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэсэн хуулийн заалттай. Энэхүү хугацаа энэ сарын 30-аас өмнө дуусгавар болох аж. Иймд улс төрийн намууд сонгуульд оролцох хэлбэр болон мөрийн хөтөлбөрөө боловсруулж дуусгахаар энэ долоо хоногоос удирдах дээд байгууллагаа хуралдуулах гэж байна. Тухайлбал, ИЗНН-ын Үндэснии хороо ирэх бямба гаригт хуралдаж сонгуульд эвсэл болж оролцохоор ХҮН, МҮАН, Эх орон намаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар эцсийн шийдвэрээ гаргах юм.
Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх амралтын өдрүүдэд хуралдаж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлахаар болжээ. Харин МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан бол Бага хурлаа удахгүй хийхээр төлөвлөжээ. Бусад намын тухайд ч удирдах дээд байгууллага нь ойрын хугацаанд хуралдах төлөвтэй байна.