Юу, юугүй эвслээ гэж байсан МАН болон МАХН-ын олон сарын яриа хэлэлцээр талаар өнгөрөв. Тодруулбал, МАХН дахиад л МАН-ыг тонгорчихлоо. Өмнө нь олон удаа тонгорч байсан даа. 2006 онд М.Энхболдыг намын даргаас нь, Засгийн газрын тэргүүнээс нь огцруулах гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийг нь хулхидсан гэдэг С.Баяртай нийлж, М.Энхболдын Засгийн газрыг унагаж байв. Гэвч энэ явдалд МАН-ын дарга М.Энхболд өс саналгүй буцаад ирэх үүд хаалгыг нээж өгтөл Н.Энхбаяр дахиад л нүүрээ буурууллаа. Бас нэгэн гашуун түүх өгүүлэхэд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн "Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно" гэж байснаа нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахаас зургаан цагийн өмнө Н.Удвалыг нэрийг гэнэт оруулж ирж байв. Тухайн үед МАН-ын дарга Ө.Энхтүвшин түүнд хулхидуулсандаа "доголон нулимс"-тай үлдэж байлаа.
Харин энэ удаа тус хоёр нам эвсэх асуудлаар цагаан сарын дараагаас ярилцаж, “Эх орончдын өдөр”-ийг хүртэл хамт тэмдэглэсэн. МАХН л “Баяраа хамт тэмдэглье” гэж эхэлж гуйсан байдаг. Хоёр намаас эвсэх асуудлаар ажлын хэсэг гарч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,Ч.Улаан нар ажиллаж байлаа. Тэд уржигдархан МАН, МАХН хоёр эвсэх боломжтой гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан хэмээн мэдэгдэж сонгуульд ямар зарчмаар яаж орохоо хүртэл сүүлийн хувилбараар нь мэдээлж байлаа. Гэтэл МАХН хоёрхон хоногийн дараа хэлсэн ярьснаасаа буцав.
Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө хуралдаж МАХН-тай эвсэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тус хоёр намын эвсэх үйл ажиллагаа эцэслэгдэж байна. Н.Энхбаярын хувьд өмнөх тохирсноосоо буцаж квотыг 51:25 биш 50:50 хувиар хуваах саналыг МАН-д тавьжээ. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд дээрх харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэх саналыг тавьсан бөгөөд үүнийг нь МАН-ынхан хүлээж аваагүй байна.
Уг нь МАХН тойрогт 15, намын жагсаалтаар 10 буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 буюу 51 хүнийг тус, тус нэр дэвшүүлэхээр ажлын хэсгийн түвшинд тохиролцсон байсан. Хоёр намын дарга гарын үсэг зурж баталгаажуулахын өмнөхөн Н.Энхбаяр хулхидсанаар уг яриа, хэлэлцээр ийнхүү дуусгавар болж байна.
Н.Энхбаяр гарман дээр морио сольсон учир нь давхар нүүдэл хийсэнтэй нь холбоотой. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Солонгосоос ирснийхээ дараа АН-ын дарга З.Энхболдтой уулзан “МАН-тай нэгдлээ” хэмээн айлгасан гэх мэдээлэл бий. АН-ынхан Н.Энхбаярыг МАН-тай нийлүүлэхгүйн тулд түүний ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолыг төслийг боловсруулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн баасан гаригт дэмжүүлсэн юм. Үүний хариуд АН-ынхан Н.Энхбаяраар МАН-тай нэгдэхгүй байх шийдвэрийг гаргуулж чадсан нь энэ. АН-ын хувьд сонгуулийн ялалтыг ойртуулах нэг хүчин зүйл нь МАН ба МАХН-ыг яаж ийгээд эвсүүлэхгүй байх явдал. Тийм ч учраас эхний ээлжинд Хууль зүйн байнгын хороогоор тогтоолын төслийг яаран сандран байж баасан гаригт хүч түрэн хэлэлцэж, дэмжсэн санал дээр гишүүдийг нэгтгэсэн юм. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ тогтоолын төслийг эцэслэн батлахын тулд маргааш болох чуулганыг хүлээх ёстой. Гэхдээ чуулганаар дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй. Н.Энхбаяр өөртөө итгэлтэйгээр МАН-аас салж байхыг бодвол З.Энхболдтой эцсийн байдлаар ярьж, тохирсон зүйл байгаа бололтой.
Ямартай ч Н.Энхбаяр АН, МАН-ыг ашиглаж өөрт хэрэгтэй шийдвэрээ гаргуулж чадаж байна. Магадгүй тэрбээр энэ бүхнийг анхнаасаа төлөвлөж байсан байж болно.
Ингээд бодохоор АН, МАН-ын аль, аль нь Н.Энхбаярын арга залинд хөнгөхөөн гүйгээд орчихлоо. Эвслээ, барилаа гэж зарлачихаад сүүлээ шаравчихсан Н.Энхбаяр бол угаас л ийм хүн. Өөрөө улс төрд орж ирж чадахгүй болохдоо Өршөөлийн хуулиар шантааж хийж УИХ-аар батлуулсан жишээ түүнд бий. Өөрсдөд нь ногдсон Эрүүл, мэнд спортын дэд сайдыг нэр дэвшүүлэх болоход өөрөө Шадар сайдад зүтгэж Ерөнхий сайдыг шаналгаж явсан үе ч бий. Нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж ирсэн нь түүний ганц чадах ажил. Ямартай Н.Энхбаяр нэг гараараа МАН-тай гэрээнд гарын үсэг зурах зуураа нөгөө гараараа АН-тай тохирсон нь ил боллоо.
Энэ талаар МАН-ын гишүүд юу гэж ярьсаныг хүргэе.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Эвлэж нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-хан тохирсноосоо буцаж МАНайхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо
УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар: Н.Энхбаярыг зовлон үзсэн, өөрчлөгдсөн, жудагтай болж намтайгаа эвсэх болов уу гэж хүлээж байлаа. Тийм их найдлагатайгаар хоёр намын эвсэх эсхийг хэлэлцэх ажлын хэсэг арван удаа хуралдаж эвсэх юм байна гэж үзээд горьдлого тасрахгүй эцсийн мөчийг хүртэл хүлээлээ. Гэтэл Н.Энхбаяр огт өөрчлөгдөөгүй юм байна. Өмнө нь УИХ-ын даргын суудлыг нэхэж байсан шигээ одоо төр улсийг бужигнуулж байна шүү дээ. Илүү том эрх ашгийн төлөө буюу эх орныхоо эрх ашгийн төлөө нэгдэх юм болов уу гэж бодтол шал өөр тоглолтыг Н.Энхбаяр хийж байна. Давхар давхар ажлын хэсгийг энд тэнд байгуулж, гэрээгээр тохирсон зүйлээс шал өөр зүйлийг санал болгож гэрээг нурааж байна. Үндсэндээ бол эвсэх гэсэн МАН-ын сэтгэл рүү хар хөө цацаж байна. Хоёр гэр бүл үндсэндээ хайр сэтгэл, үнэнч шударга итгэлцэл дээр оршин тогтнох ёстой шүү дээ. Үүний нэгэн адилаар бидний зүгээс бүх зүйлээ нээгээд улс орноо аврахын төлөө нэгдье гэсэн чин эрмэлзлэл дээр улстөрийн тоглолт хийж байна шүү дээ Н.Энхбаяр. Н.Энхбаяр ирэх болгондоо улстөрийн тоглолт хийж МАН, АН, Тусгаар тогнол эв нэгдлийн намтай зэрэг тохиролцоо хийж гэж оролдон дундаас нь ашиг хонжоо хайж наймаачны сэтгэлээр хандаад байгаа тул бидний итгэл алдарч байна.
Ч.Хүрэлбаатар: МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн, тохирсноосоо буцсанд харамсаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (40)