Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/-тай хамт өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтын дугаар, ишлэлийг зөв болгож засах, төслийг хууль зүйн техникийн хувьд хуульд нийцүүлэн найруулгыг нь сайжруулах, төслийн зарим холбогдох заалт, хэсгийн “шууд” гэсэн үгийг хасах, төслийн 291.4 дэх хэсэгт “Байнгын хороо гэрээг тайлбартайгаар батлах санал гаргасан бол уг тайлбарын төслийг гэрээний хамт нэгдсэн хуралдаанд оруулж тусад нь санал хураалгаж батлуулна” гэсэн агуулгатай хэсэг нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.
Ингээд Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн баригдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо .