Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол Улсад ажилласан юм. Энэ баг Монголын парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж гаргахаар ажилласан байна.
Тодруулбал, ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас урьдчилсан судалгааныхаа дүнг олон нийтэд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.