Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байна.
Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1700 гаруй өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авсан байна. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэллээ. Нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж авах асуудлыг Засгийн газрын энэ оны гуравдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрүүд ажил хэрэг болж байна. 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангажээ. Энд ажиллах 1200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан байна.
Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж, ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад Шадар сайд уриаллаа.