Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн сонгуулийн хороо таван удаа хуралдаж, нийслэлийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангасан байна. Тухайлбал, нийслэлийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 924629 сонгогч бүртгэгджээ.
Үүнээс Багануур дүүрэгт 19442 /2.1 хувь/, Багахангай дүүрэгт 2798 /0.3 хувь/, Баянгол дүүрэгт 140846 /15.6 хувь/, Баянзүрх дүүрэгт 220130 /23.8 хувь/, Налайх дүүрэгт 23976 /2.5 хувь/, Сонгинохайрхан дүүрэгт 205276 /22.2 хувь/, Сүхбаатар дүүрэгт 96265 /10.3 хувь/, Хан-Уул дүүрэгт 105874 /11.5 хувь/, Чингэлтэй дүүрэгт 111022 /12.0 хувь/ сонгогч бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 30-наас иргэдийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон. Сонгогчдын саналыг нийслэлийн хэмжээнд 396 санал авах байранд авна.
Мөн НИТХ-ын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл албан ёсоор оролцохоор болоод байна. Нам, эвслүүд нийтдээ 314 нэр дэвшигч нэр дэвшүүлсэн бөгөөд тавдугаар сарын 17-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргах аж. Улмаар зургаадугаар сарын 7-нд бүх нэр дэвшигчдэд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгөх юм байна.