Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар завсарлалаа. Чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд суулгүй, АН-ын бүлгийг дангаараа ирцээ бүрдүүл гэж шаардаж байгаа юм. Тус бүлгийнхэн сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг Ардчилсан намынхан хүч түрэн баталсан гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хэллээ.
Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үдээс өмнө МАН-ын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг хэд, хэдэн удаа шаардсан юм. Чуулганы хуралдаан эхэлсэн нөхцөлд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Т.Энхэлээ