Энэ жилийн сонгууль өмнөх жилүүдийг бодвол харьцангуй дуулиан, шуугиан багатай болж байна. Өдөр шөнөгүй айлын хаалга нүдэж, цагаан хоолойгоор орилдог байсан нь иргэдийн дургүйцлийг хүргэнэ гэдгийг намууд ойлгосон тул сурталчилгааны хэлбэрээ бага зэрэг өөрчлөөд байгаа. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны хугацаа албан ёсоор дуусахад хоёрхон хоног үлдээд байгаа тул энэ 48 цагт намуудын бие биенээ үгүйсгэсэн сөрөг сурталчилгаанууд ширүүсэх төлөвтэй байна. Жижиг намуудын хувьд телевиз, сонин, сайтуудаар сурталчилгаа цацах мөнгөний хувьд боломж муу байгаа тул сурталчилгааны хуудас тарааж, хэр хэмжээндээ сурталчилж байна. Харин МАН, АН гэсэн хоёр эрх баригч намын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг “дайны талбар” болгох нь. АН-ын хувьд хэвлэлээр шуугиад өнгөрсөн ч шийдэгдэлгүй нэг хэсэг мартагдаад байсан Цөмийн энергийн газрын дарга асан Д.Энхбатын дэлгэсэн цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байсан тухай мэдээллийг ахин сөхөж эхэллээ. Энэ хэрэгт МАН-ын сайд нар орооцолдсон гэдгээр хөшүүргэ хийн сөрөг сурталчилгаагаа эхлүүлэв. Мөн ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоно гэж амласан сая төгрөгийг МАН-ын Засгийн газар гүйцээж өгч чадахгүй, улсын данс улайсан байгаа тухай мэдээллийг тарааж эхлээд байгаа юм. Фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сайтуудыг ашиглан энэ мэдээллээ хурдацтай түгээж байна.
Харин МАН эдгээрийг эсэргүүцэх, үгүйсгэх мэдээлэл цацахад оройтсон гэж үзсэн тул өөр аргаар үзэхээр шийдээд байна. Тэд АН-ын хамтарсан Засгийн газраа зугтсан гэх “эмзэг” асуудлыг нь эргэн сөхөж эхэллээ. “Зугтаж биш, зүтгэж, үгүйсгэж биш бүтээж эх орндоо сайхан амьдарцгаая” гэсэн мессежийг тэд АН-д зориулжээ. МАН-ын зарим нэр дэвшигчид, тухайлбал Сангийн дэд сайд Ч.Ганхуяг иргэдтэй уулзах үеэрээ “АН ханилж яваа нөхрөө, унаж яваа морио гэдэг шиг хүнд хэцүү үед хамтарсан Засгийн газраас гарсан. АН гарахдаа бензин, махны үнийг өсгөөд явсан” хэмээн гомдонгуй ярьж байгаа бичлэг сайтуудаар тарсан. 2012 оны сонгуульд 11 нам хоёр эвсэл оролцож байгаа ч галын шугам МАН, АН гэсэн хоёр намын хооронд дүрэлзэх нь. Сонгуулийн хуулийн дагуу нөгөөдөр буюу 6-р сарын 26-ны 00 цагт сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа дуусах тул үлдэж буй хоёр хоногт нэлээн ширүүн “дайн” болох нь.
Т.Гэрэл




















































