Италчууд Германы багтай өрсөлдөхөөр боллоо

Евро-2012-ын шөвгийн наймын тоглолт өндөрлөж Италийн шигшээ баг торгуулын цохилтоор 4:2 харьцаатай Английн багийг хожсоноор хагас шигшээд өрсөлдөх сүүлийн эрхийг авлаа. Тоглолтын үндсэн цаг болоод нэмэлт цагт тэнцээгээр өндөрлөсөн учир торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон юм. Тоглолтын туршид илүүрхэж байсан Италийн шигшээ багаас хоёр дахь цохилтыг гүйцэтгэсэн Риккардо Монтоливо алдаж цохисон ч багийн бусад нөхөд нь даалгавраа амжилттай биелүүлсэн. “Скуадра Аззура”-гаас Марио Балотелли, Андреа Пирло, Антонио Ночерино, Алессандро Дьяманти нар 11 метрийн цохилтоо байнд нь тусгажээ. Түүнчлэн Стивен Жеррард, Уейн Рүүни нарын цохилт амжилттай болж, Эшли Янг алдаж, харин Эшли Коулын цохилтыг Италийн шигшээ багийн хаалгач Жанлуижи Буффон амжилттай хаасан юм.
Ийнхүү дэлхийн дөрвөн удаагийн аварга, 1968 оны Европын аварга Италийн шигшээ баг “Евро-2012”-ын хагас шигшээд Германы багтай тоглохоор боллоо. Харин нөгөө талд Португаль болон Испанийн шигшээ багууд тоглох юм. Хагас шигшээ тоглолтууд ирэх лхагва, пүрэв гаригт болно.
Д.Ундрах 24tsag.mn