Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт “Цөлийн өгүүлэмж-3” үзэсгэлэнгийн нээлт болно. Тус үзэсгэлэн өнөөдрөөс ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. 2006 онд Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нарын урилгаар Монголын зураач С.Төгсоюун тус улсыг зорьсон билээ. Зураач Женни Митчеллийн “Desert sharing” төслийн үйл ажиллагаанд оролцож өмнөд Австралийн Флиндерс Рэнжес дэх Прачилна сууринд очиж байрлан нэг сар орчим Австралийн цөлөөр уран бүтээлийн судалгаа хийж аялсан юм. Энэ хугацаанд гурван зураач Австралийн говь цөлөөр хамтдаа аялан уран зураг, зураасан зураг, баримлын бүтээлүүд хийж харилцан туршлага солилцон ажиллажээ. Уг аялалын дараа Викториа мужийн Мельбурн хотын ойролцоох Эльтам дахь зураачдын Монтсалват нэгдэлийн Барна галерейд хамтарсан “Desert sharing I” үзэсгэлэнгээ гаргаж аяллын тайлангаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн ажээ. Энэхүү арга хэмжээнд зураач С.Төгсоюун Монголын говийн байгаль болон амьдралын ахуй тухай мөн Австралийн цөлийн байгаль, цэцэгс, кенгуру, нэг бөхт тэмээ, мөн цөлийн давст нууруудын байгалийн сайхныг харуулсан олон бүтээлүүдийг шинээр туурвин дэлгэн үзүүлсэн юм. 2010 онд Женни Митчелл, Мервин Ханнан нар Монголд зочилж Өвөрхангай аймгийн Хар Хорин, Хөгнө хан уул, Өвгөн хийд, Элсэн тасархайгаар аялж, үүний дараа Чингис хааны өлгийн нутаг Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур, Хангал нуур, Балдан бэрээвин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэр, Дадал сумын нутгаар аялж олон тооны судалбар зургууд бүтээж ирсэн юм. Эдгээр судалбарууд дээрээ тулгуурлан 2012 оны 5 сарын 28-наас энэ сарын 7-ны хооронд Монголын үндэсний түүхийн музейд гурван зураачийн хамтарсан “Цөлийн өгүүлэмж-2” үзэсгэлэнгээ толилуулж байсан юм.Д.Ундрах 24tsag.mn




















































