Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын МАХН-ын сайдуудыг танхимаасаа “хөөх” шийдвэрийг гаргав. Тэрбээр МАХН-ын гишүүдийг явуулах болсон шалтгаанаа “Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нарын харъяалагддаг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг задарч эрх зүйн чадамжгүй болсон. Эрх зүйн чадамжгүй болсон бүлгийн гишүүдтэй Засгийн эрхийг хамтарч барихгүй. Тиймээс дээрх гишүүдийг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх хүсэлтэй байна. Уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина” гэж тайлбарлаж буй.
Тэрбээр уг саналаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт хүргүүлсэн. УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс өмнө уг асуудлаар хуралдаж Ерөнхий сайдын саналыг дэмжчихсэн. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэвлэлийнхэнд “Манай бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. АН-ын бүлэг дангаараа Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй” гэж мэдэгдээд удаагүй байтал УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж УИХ-ын чуулганыг ирэх сарын 23-ны өдөр хүртэл завсарлуулав. Ингэснээр бүх асуудал өчигдрөөс эхлэн хөдөлгөөнгүй зогсов.
Энэ бүхнээс дүгнэвэл доорх үйл явдлууд улс төрийн хүрээнд өрнөж тэр дундаа эрх баригч Ардчилсан намд болж байна.
1. АН-ын удирдлагуудын тэмцэл дээд цэгтээ тулав
Дээрх үйл явдлууд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын дунд дахин том зодооныг эхлүүлэв. Дахин гэхийн учир нь тэд Тавантолгойн асуудлаас эхлэн бие, биенээ үзэхээ байсан юм. Өчигдрийн тухайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гишүүдийг танхимаасаа явуулж оронд нь өөрийн намын хүмүүсийг оруулж ирэх гэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд эсэргүүцэж чуулганы хуралдааныг шууд завсарлуулчихлаа. Хэрвээ дэмжиж байсан бол бушуу, түргэн чуулганыг хуралдуулаад МАХН-ын сайд нарыг “хөөгөөд” явуулах байсан. Гэтэл тэр үүнийг хүссэнгүй. Тиймдээ ч уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд саад тавьж чуулганыг завсарлууллаа. З.Энхболд яагаад ийм шийдвэр гаргав. Михайлд нэг бодол бий гэдэг шиг түүнд шалтгаан бий. З.Энхболдын төлөвлөж буйгаар МАХН-ын сайд нарыг Засгийн газарт нь үлдээгээд сонгуульд оролцох юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ынханыг өндөр албан тушаалтай нь сонгуульд оролцуулж МАН-ын саналыг хуваах нь түүний зорилго. Хэрвээ МАХН-ынхан гайхуулах албан тушаал ч үгүй сонгуульд оролцвол ялагдах магадлал өндөр. Тэр бүхэнд МАН-ын санал нэмэгдэнэ. Энэ бүхэн нь түүнийг Ерөнхий сайдтай зөрчилдөхөд хүргэж чуулганыг эгзэгтэй үед завсарлуулахад хүргэжээ. Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд илүү их дэмжлэг авч З.Энхболдыг буланд шахжээ. Харин З.Энхболд хариу үйлдэл барьсан нь энэ. УИХ-ын даргын өчигдөр гаргасан захирамжаар чуулганы хуралдаан ирэх сарын 23-ны өдөр хүртэл завсарлана. Гэхдээ тэр үед чуулганыг хуралдуулна гэж байгаа нь биелэшгүй үлгэр юм. Учир нь ирэх сарын 23-ны өдөр бол сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн санал хураалт болохоос зургаан хоног дутуу байх үе. Cонгуулийн сурталчилгаагаа хийгээд улайрчихсан яваа улс төрчдөд чуулганы хуралдаандаа оролцох бодол төрнө гэж үү. Сонгуулийн бус цагаар хуралдаа ирж суудаггүй хүмүүс сонгуулийн ид сурталчилгааны үеэр чуулгандаа оролцохгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр ирэх сарын 23-ны өдөр чуулган хуралдана гэдэг нь үлгэр юм.
2. З.Энхболдод бас нэг шалтгаан байсан нь УИХ-ын чуулганаар ойрын өдрүүдэд хэлэлцэхээр төлөвлөөд байсан асуудлууд.
Тодруулбал, энэ хаврын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Батзанданы өргөн барьсан “Оффшор данстай” холбоотой хуулийн төсөл мөн Авлигатай тэмцэх газрын даргыг томилох зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр байв. Сүүлийн үед АН-ын гишүүдийн оффшор данс олон нийтэд ил болж байгаа. Оффшорт данстай гишүүдээсээ болж АН-ынхан сонгуульд ялагдах хэмжээний эрсдэлтэй нүүр тулж мэдэхээр байна. Оффшороос болж балбуулж мэдэх учир чуулганыг завсарлуулах нь зүйтэй гэж АН-ын дарга үзсэн байна. Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд өөрсдийн хүнийг тус газарт томилохын тулд тэмцэлдэж байсан. Харин одоо тэдний хэн нь ч өөрийнхөө хүнийг АТГ-д томилж чадахааргүй нөхцөл байдал үүслээ. УИХ-ын дарга З.Энхболд өөрийнхөө хүнийг томилж чадахгүйгээ мэдэрсэн учир уг байгууллагыг даргагүй хэвээр нь байлгаж сонгуультай золгуулахаар шийджээ. АТГ даргагүй байх нь авлигачдад ашигтай. АТГ-аас сонгуулийн үеэр шалгаж, тагнах ажиллагааг эрчимжүүлж албан тушаалтнуудыг хорьж цагдах нь ихэсдэг тул тус байгууллагыг эзэнгүй байлгах нь сонгуульд сэтгэл амар оролцоход нь тустай гэж үзэж байгаа бололтой.
Энэ удаагийн парламентын бүрэн эрхэт хугацаа АН-ын дотоод зөрчлөөс болж хугацаанаасаа өмнө завсарлаж буй нь энэ. Харин АН-ынханы зөрчил нь сонгуульд ялагдахын цондон болдог түүхтэй. МАХН-ын гишүүдийг үлдсэн хоёр сарын хугацаанд Засгийн газарт үлдээсэн эс үлдээсэн ч ажил явагдах талаасаа бараг ялгаагүй юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (62)