Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамтай хамтран “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ-аас монгол хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөгийн балны зохистой хэрэглээг хэвшүүлэх, зөгийн бүтээгдэхүүнүүд болон балны ач тусыг ард иргэдэд ойлгуулан таниулах зорилгоор “Зөгийн балыг тогтмол хэрэглэе” боловсролын аяныг 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 01-ний хооронд санаачлан хэрэгжүүлж байна.
Энэхүү боловсролын аяныг Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ өнөөдөр /2016.06.03/ Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулж "Зөгийн балны хэрэглээний ач тус" сэдэвт эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Монголын Зөгийчдийн Нийгэмлэг” ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Туяа, тус байгууллагын Сургалт, сурталчилгааны зөвлөх Б.Гансэлэм нар удирдан явуулж, зөгийн аж ахуй нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, биологийн идэвхт бодисоор баялаг хүнсний чухал орлогдошгүй үнэ цэнэт бүтээгдэхүүн үйлдвэрдэг төдийгүй хүний ямар нэгэн оролцоогүйгээр эко системийг бүрдүүлж, байгаль орчинд хамгийн эерэг нөлөө бүхий хөдөө аж ахуйн салбар юм гэж сургалтын эхэнд танилцуулсан юм.
Түүнчлэн, зөгийн балан дахь эрдэс бодис, байгалийн ферментууд мөн зөгийн балыг эмчилгээний зориулалтаар хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.