Манай улсад хоёр дахь жилдээ “Милан клубын өсвөрийн зуслан Улаанбаатар” төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөл өнгөрсөн жил анх удаа болоход шалгарсан Монголын авьяаслаг өсвөрийн дөрвөн хөлбөмбөгч Милан хотод болсон “Дэлхийн хүүхдийн зуслан”-д очсон юм. Энэ жилийн шалгаруулалт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 13 хүртэлх насны 270 хөлбөмбөгч хамрагджээ. Миланаас ирсэн хөл бөмбөгчин Франко Барези, менежер Марко Шембри, дасгалжуулагч Андрей Кавичеоли, Давидэ Корти, Данило Тедолди, Алессандро Бертони, Пьерлуижи Прэтэ, Жанлука Анжелука нарт тэд “шалгалт” өгчээ. Итали мэргэжилтнүүд эцсийн шатанд 24 хүүхдийг шигшин үлдээж, дөрвөн баг болгон өрсөлдүүлсэн байна. Ингээд Италийн Милан хотыг зорих авьяастанаар Баянзүрх дүүргийн Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн сурагч А.Мөнгөнтулга, Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн сургагч А.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн сурагч Ч.Мэндээ, Б.Балжинням нар тодорсон байна.
Ц.Болор





















































