Намууд сонгуулийн сурталчилгаагаа дуусгаж, айдгаа авдартаа хийгээд байна. Өнгөрсөн хэд хоногт байдгаа шавхсан намуудын нэр дэвшигчид сонгуулийн үр дүн ямар байх бол гэж нойр нь хүрэхгүй яваа. Харин энэ дунд сонгогчидод ч, нэр дэвшигчдэд ч үгүйлэгдэж байсан нэг хүн огт харагдсангүй. МАН-ын хүчтэй лидер, нэгэн цагт Засгийн газрын “толгой” байсан С.Баяр энэ сонгуулийн сурталчилгааны үед царайгаа харуулаагүйд цөөнгүй хүн гайхаж, олон ч таамаг дэвшүүлж байна. Тэрбээр энэ жил зүрхээ эмчлүүлэхээр АНУ-ыг хэд хэдэн удаа зорьсон. Хэвлэлүүд түүнийг АНУ-д зүрхний хагалгаанд ороод сонгуулийн сурталчилгаа эхлэх үед Монголд ирсэн тухай мэдээлж байсан. С.Баярыг намынхаа сурталчилгаанд оролцоно гэж таамаглаж байсан ч тэрбээр хотод ч, хөдөө ч үзэгдсэнгүй. Түүний намаа дэмжиж ганц үг ганхийгээгүйн учрыг олох гэсэн хүмүүс цөөнгүй байна. Сонгуульд намаа удирдан орох бүрдээ ялалт байгуулж байсан С.Баярыг хамгийн сайн стратегич гэж үнэлэх хүн байдаг. Хэрэв намынхаа хэдийг дагуулаад сурталчилгаанд явсан бол гайгүй хэдэн санал зулгаагаад ирэх байв. Түүнийг сонгуулийн сурталчилгааны төгсгөлд гэнэт гарч ирээд хүмүүсийн цөсийг хөөргөсөн “гоё” үг хэлнэ гэж намын зарим нэр дэвшигчид нь битүүхэндээ горьдож байжээ. Гэсэн ч С.Баяр гэдэг нэр ганц, хоёр хэвлэлийн хуудас дээр гарснаас биеэрээ нийтийн өмнө гарч ирсэнгүй.
С.Баярыг олон жил улс төрд хутгалдсан, намын лидерийн хувьд дахин УИХ-д нэр дэвшинэ гэж хүлээж байсан ч талаар болсон. Намынхаа сонгуулийн сурталчилгаанд ч оролцоогүй тул түүнийг улс төрөөс явж байна гэсэн яриа мэр сэр биш ил тод гарах болжээ. Түүний эрүүл мэнд тааруу тул түр ажлаас хөндийрөх шаардлага гарсан байх гэж тайлбарлах хүмүүс байгаа. Үүний хажуугаар С.Баяр өөр ашиг сонирхлоор улс төрөөс холдож байгаа гэж хардах нь байна. Ямартаа ч намынхаа листэнд ч ороогүй, намынхаа хувь заяаг шийдэх сонгуульд ч хуру дүрээгүй болохоор С.Баяр ирэх дөрвөн жилд улс төрөөс хол байх нь гэсэн үг МАН-ын эрхмүүдийн амнаас унаж байна.
Т.Гэрэл




















































