Өнөөдөр төрийн өндөрлөгүүдээс хамгийн түрүүнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Сонгуулийн 4
дүгээр хэсгийн хороо буюу Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургуулийн
байранд саналаа өгсөн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүн хатагтай Х.Болормаагийн хамт яг товлосон цагтаа ирж 08.10 цагт сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр "2012 оны сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байна. Төрөө сонгох, төрөө бүтээх үйл ажиллагаанд нийт иргэдээ идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна. Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид, улс төрийн намуудад хуулийг чанд сахиж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, тэвчээртэй хандахыг хүсч байна. Энэ удаагийн сонгууль өмнөх түүхэн сонгуулиудын нэгэн адилаар Монголын хөгжил дэвшилд хүрэх боломжийг нээж, Монголд эрх зүйт шударга нийгмийг байгуулахад түүхэн хувь нэмэр оруулсан сонгууль болно гэдэгт итгэж байгаагаа дахин илэрхийлье. Ирэх дөрвөн жилд хэрхэн амьдрахаа шийдэх тул ард иргэдээ сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна. Сонголтоо сайн бодож, хянуур хийгээрэй" гэсэн юм.





















































