Бөөлж байгаад хүний амь хороосон этгээдэд гурван жилийн ял оноожээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-ыг халуун усны уураар түлж , амийг нь хөнөөсөн Б.Болд-Эрдэнэд гурван жилийн ял оногдууллаа. Б.Болд-Эрдэнэ бөө болсноосоо хойш дөрвөн сарын дараа шавьтай болжээ. Шавиа бөө болгоно гэж өргөл барьц авч, зан үйлийг нь хийхээр болсон байна. Улмаар өнгөрсөн жилийн наймдугаар сарын 27-нд Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг “Далан шар” гэдэг газарт бөөгийн зан үйл хийж байгаад иргэн Н-ыг халуун усны уураар түлж, амийг нь хөнөөжээ. Төв аймаг дахь сум дундын шүүх дээрх хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцжээ. Ингэхдээ түүнд болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн гэм буруутайд тооцож гурван жилийн ял оногдуулсан юм.
Д.Ундрах 24tsag.mn