Сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны зургаадугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. Тиймээс энэ өдөр зохион байгуулах ямар ч арга хэмжээнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй аж. Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон юм. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллахаар болжээ.
Ташрамд дурьдахад зургаадугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байна. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлсэн байна.
Д.Бат