УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намын бүлэг тус бүрээс гурав, гурван хүн үг хэлээд санал хураалтандаа орох горимын санал гаргалаа. Горимын саналыг гишүүдийн 74.3 хувиар дэмжсэнээр намын бүлэг тус бүрээс гурван хүн саналаа хэлсний дараа санал хураалт үргэлжилнэ.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Засгийн газрын сайд нарыг ойрын өдрүүдэд хэлэлцээд томилчихвол яасан юм бэ. Заавал наадам АСЕМ-ыг хүлээх хэрэг байна уу. Өмнө нь эхлүүлээд орхисон орон нутгийн замуудыг үргэлжлүүлэх үү?” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “АСЕМ-ын уулзалт болох гэж байна. Монгол улсын гадаад нэр хүндтэй холбоотой асуудал учраас би уг ажил руу анхаарлаа хандуулна. Дараа нь өвөлжилтийн бэлтгэлийг хангана. Эхэлсэн ажлуудыг дуусгаж байж дараагийн ажлаа дуусгана гэсэн зарчим баримтална. Тэгэхээр эхлүүлсэн ажлуудыг дуусгана” гэлээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хүндэрсэн эдийн засгийн оношийг зөв тавих ёстой. Тиймээс онош зөв тавиарай. Ойрын жилүүдэд Хөдөө аж ахуй, дэд бүтэц, уул, уурхайн салбар, эрчим хүчний салбараас Монголын эдийн засаг хамаарна. Тэгэхээр энэ салбаруудыг дэмжихэд гол анхаараарай” гэж захив.
Т.Энхэлээ